
2024 оны ОХУ-ын батлан хамгаалахын зардал 13.1 их наяд рубль буюу худалдан авах чадварын паритетээр 462 тэрбум ам.долларт хүрч, 42 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан тухай Олон улсын стратегийн судалгаа шинжилгээний институтээс мэдээлжээ.
Financial Times сонинд бичсэнээр ОХУ-ын батлан хамгаалахын зардал Европын холбооны гишүүн бүх улс орнуудын батлан хамгаалах салбарын төсвийн нийлбэр дээр Их Британи улсын батлан хамгаалахын төсвийг давхар нэмсэн үзүүлэлтээс ч давсан байна.
Европын холбооны улс орнууд болон Их Британийн батлан хамгаалахын нийт зардал 2024 онд 12 хувиар нэмэгдэн 457 тэрбум ам.долларт хүрсэн аж.
Олон улсын стратегийн судалгаа шинжилгээний институт ОХУ 2025 онд батлан хамгаалахын зардлаа 13.7 хувиар өсгөж, 15.6 их наяд рубльд хүргэх төлөвтэй байгааг онцолжээ.
Европын орнуудаас 2024 оны батлан хамгаалахын зардлаараа ХБНГУ тэргүүлсэн бол түүний араас Франц улс бичигджээ.
Эx Сурвалж: FT.Com