
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, ОХУ-Украины дайныг дуусгах асуудлаар даруй хэлэлцээ хийж эхлэхээр тохирчээ.
Цаг хагас үргэлжилсэн уг ярианы үеэр хоёр орны төрийн тэргүүнүүд уулзалт зохион байгуулахаар тохирсон талаар Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгч Д. Трампын хэлсэнээр хоёр орны төрийн тэргүүнүүдийн яриа маш үр дүнтэй болсон ба В. Путинтэй ярьсаныхаа дараа тэрээр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар ярьсан аж.
Ерөнхийлөгч Д. Трамп В. Путинтэй Украин, Ойрх Дорнод, эрчим хүч, хиймэл оюун ухаан, долларын ханш зэрэг олон асуудлыг хөндөж, ярилцсан хэмээн мэдэгдсэн бол Д. Песков хоёр орны төрийн тэргүүнүүд хоригдол солилцоо, Ираны цөмийн хөтөлбөр, хоёр орны хамтын ажиллагаа зэрэг сэдвээр ярилцсан гэжээ.
Ерөнхийлөгч Д. Трампын хэлсэнээр талууд нэн түрүүнд ОХУ-Украины дайнд олон сая хүн амь үрэгдэж байгаа явдлыг зогсоох нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж, уг дайныг дуусгах хэлэлцээгээ даруй эхлэхээр тохирчээ.
Д. Песковын мэдэгдсэнээр Ерөнхийлөгч В. Путин ОХУ-Украины хооронд энхийн гэрээ байгуулахад зөрчилдөөн үүсэх болсон үндсэн шалтгааныг арилгах нь чухал болохыг онцолж, энхийн хэлэлцээрүүдийн үр дүнд урт хугацааны зохицуулалт хийх боломжтой гэдэг дээр Ерөнхийлөгч Д. Трамптай санал нэг байгаагаа илэрхийлжээ.
Түүнчлэн Оросын төрийн тэргүүн Украины асуудлыг хариуцсан АНУ-ын албан тушаалтнуудыг хүлээн авч уулзахад бэлэн гэдгээ мэдэгджээ.
ОХУ-Украины дайныг дуусгах хэлэлцээрт Америкийн талаас Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Тагнуулын албаны дарга Жон Рэтклифф, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Уолтц, тусгай төлөөлөгч Стив Уиткофф нар оролцох аж.
Дмитрий Песковын мэдэгдсэнээр ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин Ерөнхийлөгч Д. Трампыг Москва хотод айлчлахыг урьсан ба талууд холбоотой байж, уулзалт зохион байгуулахаар тохирчээ.
Ерөнхийлөгч Д. Трампын хувьд Цагаан ордонд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинтэй хийх эхний уулзалт Саудын Арабад болно хэмээн мэдэгджээ.
Эx Сурвалж: BBC.Com