
Та бидэн ХАЙРЫН ХҮН. Гэвч хайрлах сэтгэлээс төөрчээ. Тэр дундаа амьдарч буй энэ л орон хотынхон маань хайрлах сэтгэл гэгчээсээ алсарсаар, алсарсаар…Юу биднийг хатуу, хүйтэн хүмүүс болгоно вэ?
Ажлын орчин, цалин, барааны үнэ гэх мэт нийгмийн маань дүр биднийг хар амиа л болгоод явахын зөнд “донтуулж”, хайрлах сэтгэлээс улам улмаа холдуулж байна уу гэлтэй. Хүйтэн, хатуу, хөшүүн хүмүүс болж үлдэхгүйн төлөө хамтдаа энэ өдөр хайрын шүлэг уншицгаая!
Уруудаж, өгсдөг шат юм шиг хэр нь ээ, хайр яг л ид шид юм шиг… Хүмүүний амьдралд тохиолдож болох хамгийн том ид шид юм шиг. Магад энх амгалан, аз жаргал гэдэг үгтэй хаяа залгаа оршдог байх.
Төрийн Соёрхолт, Ардын уран зохиолч, “Алтан Өд” шагналт гээд цаг үедээ өөрийн түүхийн бүтээж яваа таван яруу найрагч Өрөг.мн сайтын “Хайрын шид” контентод оролцлоо.
Тэдний нэг Д.Мөнхтөр “Зангиа нэг их зүүгээд байдаггүй л дээ. Өнөөдөр эхнэр маань зангиа зүүгээд яв гээд… Би энэ зангиаг, энэ өдөрт, яруу найрагт зориулж зүүсэн юм” гэж ярих нь хэчнээн гэгэлгэн.
***
Ертөнцөд миний хамгийн хайртай хүн
Ерөөлөөр учирсан хар нүдэн амраг минь
Яаж л хүнийг хайрлаж болдгийн шидийг
Янаг минь би чамаасаа л анх мэдсэн шүү
Зүүдний юм шиг гэгээн цэнхэр орой
Зүрхээ догдлуулж болзоонд яарч явахдаа
Зөрж өнгөрөх хүн бүрийг тэвэрч
Зөн совингийн үгээ дэлгэмээр байсан шүү
Тэр л цагаас эхлэн одод олширч
Тэргэл цагаан саран гэгээгээ нэмсэн
Амьдрахуйн учир улам улмаар яруусч
Аж төрөхийн дуу сэтгэлд минь мэндэлсэн
Бүрийн шөнөөр эмнэлгийн цонхон доор
Үрийнхээ анхны дууг эс бүхнээрээ сонссон
Үргэлжид амьдрал эцэс төгсгөлгүй ээ!
Өөрийн минь хүслийг залгаж охин минь ирсэн
Хаврын ногоо сэмхнээр соёолох адил
Хайр минь чамаас шинээр төрнөм
Халуун алга, ариун сэтгэлээ дэлгэж
Хайрт минь чи намайгаа өдөр бүр тосном
Яаж л хүнийг хайрлаж болдгийн шидийг
Янаг минь би чамаасаа л анх мэдсэн.
Өөрт шинээр төрсөн энэ л хайраараа
Өрөөл бусдыг хайрлаж амьдралд дурланам
Наран бөмбөрцөг гэрэлтэхийн тулд манддаг, аа
Саран тэргэл толгод уулсаа түшиж тогтдог, оо
Ерөөлөөр учирсан хар нүдэн амраг минь
Ертөнцөд би чинийхээ хайранд жаргадаг, аа.
-ДАН.НЯМАА
Бүсгүйчүүдээ үнсье ээ
Бүгдийн өмнө эрээгээ алдаж
Бүсгүйчүүдээ үнсье
Хөөрхөн та нарынхаа улаан хацрыг
Хөөрөг шиг үнэрлэж сайханд чинь согтъё
Хориодхон насанд минь хайртай гэж тормойсон
Хожмын олон замд нулимстай хоцорсон
Хоёр эрвээхэй нүдэн дээр чинь үнсье
Намайг хүүхнүүдээс, гай бүгдээс хамгаалж тэвэрсэн
Нартай цай дээжилж, хадаг дэлгэсэн
Навчин хоёр алган дээр чинь үнсье
Цэцэг хөрсөнд байдаг шиг нэр чинь зүрхэнд явдаг
Цэвэлмаа, Гавалмаа, Сүнжидмаа л гэдэг
Цэцэд хатад минь, гоо уянгат нэрийг чинь хүртэл үнсье
Хундага сэлэм хоёртой эрчүүл биднийг нөхөрлөж явахад
Хуруугаа мойтол дэлэн шувтарч, дээл оёсны чинь төлөө
Худал, зовлон хоёр ертөнцөөр туйлж байсан ч
Хувиршгүй амраг бүүвэй хоёртоо үнэнч үлддэгийн чинь төлөө
Хувь заяагаа даатгаж бүсгүйчүүдээ үнсье
Хамгийн гоо цэцгэн дээр зөгий эхлээд буудаг
Хамгийн гоо төрсний чинь харчуул эхлээд хардаг
Харанхуй үдшийг сүлэн бүжин сар тормойж
Ханат гэрээ гийгүүлэн бүсгүйчүүд минь ирдэг ээ
Дар эх хорин нэг байдаг нь худлаа
Даруухнаар айл бүхэнд нэг нэгээрээ бий
Харчуул минь бид чинь бурхадтай нөгцсөн улс
Хайрын өмнө залбирч бүсгүйчүүдээ үнсье ээ.
-Д.ЦООДОЛ
Аяархан хайр
Аяархан, чамдаа хэлсэн үг минь
Амьдралд бас аяархан байсан уу?
Зөөлхөн хонгор салхин
Зөөж тавьсан
Зориг муутайхан хэлсэн үгийг минь
Зөндөө олон хүнд хэлчихсэн юм биш байгаа
Хурим хэзээ вэ гэж
Хүссэн ч юм шиг
Хүлээсэн ч юм шиг
Хүмүүс асуух боллоо.
Тэр цаг
Чи биднээс холдсоор…
Чиний тухай шүлэг
Миний сэтгэлд олширсоор…
Шүлэгт минь л үлдэх гэж
Чи минь
Олдсон юм уу?
Одсон юм уу?
Аяархан чамдаа хэлсэн үг
Амьдралд бас аяархан байсан уу?
Аяархан хайр минь
Анхны хайр минь
-О.СОДНОМПИЛ
Санана даа
Санана даа чи намайг санана
Сар нарыг хөөцөлдүүлэн санана
Нартай чи намайг санаж гундана
Сартайд чи намайг санаж бүдэрнэ ээ
Үгүйлнэ дээ чи намайг үгүйлнэ
Өр зүрх чинь намайг үгүйлнэ
Өглөө босовч харцандаа үгүйлнэ
Үдэш унтавч зүүдэндээ үгүйлнэ ээ
Хүснэ дээ чи намайг хүснэ
Хүнийг хэлэлтгүй би бас хүснэ
Хол газар хилийн дээсэн дээгүүр
Хоёр сэтгэл бие биеэ хайна аа
-С.ОЮУН
***
Амраг минь над гараа өг
алганд чинь хувь заяаны минь зураг бий
Төөрч туулж явсан зам харгуй, манан будан бий
оройтсон хоногууд бий
төгөлдрийн тухай ойлголт, ганц навчны гуниг бий
охины минь ааш, нүднийх нь харц бий
орь залуу насны минь хүсэл зориг бий
Амраг минь над гараа өг
алганд чинь хувь заяаны минь зураг бий…
-Д.МӨНХТӨР
Энэ бол дурлахаа байсан цагийн шүлэг. 1985 оны шүлэг юм уу даа. Хайр гэдэг чинь хүнийг аврагч, хүнийг хүн байлгадаг ганц зүйл юм шүү дээ. Тэр дурлал гээч чинь бол худлаа. Хайр их олон зүйл дээр хайр илэрнэ. Бүсгүй хүний хайр давамгайлсан айл өрх сайхан амьдардаг гэж боддог.
-Та хэчнээн хүнд дурлаж байсан байв?
-Байхгүй ээ, байхгүй. Ах нь залуудаа дурлаж байгаагүй ээ.
-Тэгвэл хайрын захиа олныг авч байв уу?
-Эмэгтэйчүүд надад их гайгүй байсан шүү.
Ийм шүлэг гэргийдээ зориулан бичиж явлаа. Охинтой минь чацуу, 1983 оны шүлэг. 42 жилийн өмнөх хайрын шүлэг юм байна.
Ер нь хайрын тухай ярина гэдэг дурлалын шүлгийн тухай хууч хөөрнө гэдэг сэтгэл дотор мандсан үй олон учралын тэр одод шиг гэрэл гэгээний тухай ярина л гэсэн үг шүү дээ.
Хэн нэгний гоо сайханд автаж, үдшийн бүрийгээр цастай хайруугаар цэцэрлэгийн сандал дээр ганцаар суугаад үдшийг барах явдал бий. Тэр чичирсэн, дурласан зүрх сэтгэлээ цагаатгахаар эсвэл эхнэрийнхээ дулаан хайранд очихоор гэр рүүгээ алхана шүү дээ.
Хайрын шүлэг бол адгууслаг хүсэл, дур тачаалаас маш хол зүйл. Тэр бол нэгэн агшны гоо үзэсгэлэнд автсан миний сэтгэлийн хөг аялгуу байхгүй юу даа. Үндсэндээ миний хайрын бүх шүлэг бол бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн, гэргийн гэгээ хоёрын дундаас төрсөн.
Энэ миний эхнэртээ зориулсан шүлэг. Өөрийнхөө хувь тавиландаа зориулсан шүлэг гэх юм уу даа. Би чинь өдөр болгон болздог хүн. Романтик гэвэл хамгийн тэнэг романтик байж ч магад. Бидний зүрх сэтгэл гэдэг тооны насаар хэмжигддэггүй нь сайхан юм даа.
-Эхнэрийнхээ тухай яриач. Та хоёр хэдэн онд танилцаж байв бэ. Ер нь эрэгтэй хүн хань болох хүнээ яг яаж таньдаг юм. Та жишээ нь эхнэрээ яаж таньж байв?
-Яаж ч таньдаггүй шүү дээ. Яагаад ч танигдахгүй шүү дээ. Тэрийг л тавилан гэдэг байх. Таньчхаад суудаг сан бол энэ хорвоод салалт гэж байхгүй шүү дээ.
“Үгүйлэн санана” дууны шүлгийнхээ санааг Монгол Улсын хилийг даваад, Горькийн сургуульд суралцахаар явж байхдаа олж байсан. Хилийн дээсний цаана очоод эх нутгаа, аавыгаа санаж байсан. Ээж маань бурхны орон руу явчихсан байсан цаг. Би гэдэг хүн чинь “Тан руу нүүж явна” киногоо биччихээд, Горькийн сургуульд явсан. Кино маань 1984 онд кино гарч, 1985 онд би Горькийн сургуульд сурахаар мордсон гэсэн үг. Тэгэхээр “Тан руу нүүж явна” кино маань намайг Горькийн сургуульд явуулсан. Горькийн сургуульд яваад би Төрийн шагнал хүртсэн “Санана даа” шүлгээ бичсэн.
Тухайн үед санана гэдэг үг их хурц сонсогдож байсан. Шүлэг маань сонинд нийтлэгдсэн байсныг “Харанга” хамтлагийн Ц.Чулуунбат олж үзсэн юм билээ. Гэргий нь гадаадад байсан гэсэн. Гэргийгээ санаж байсан хүн шүлэгт минь ая хийсэн гэдэг. Олон санасан хүний санасан сэтгэлээр энэ дуу бүтсэн түүхтэй юм даа.
50 жил миний сэтгэлд явсан шүлэг. Ер нь байна аа, хүний сэтгэлд үлдэх асар цөөхөн зүйл байдаг. Тэрний нэг нь энэ. Тийм ч учраас би энэ шүлгээ унших дуртай байдаг юм. Надад гоё юм өгөөгүй ч гэсэн гоё л байдаг юм даа.
-Энэ шүлгээ эзэнд нь зориулж уншиж өгч байв уу?
-Бүр сүүлд уншиж өгсөн. Айхавтар баярлаж байна лээ. Би бараг хэлээ ч үгүй юм шүү дээ, Би чамд хайртай гэж. Бүр 37, 38-тайдаа ойлгосон. Тэр хүн “Надад эртхэн хэлэхгүй яасан юм” гэж билээ.
-Нууц биш бол энэ шүлгийн эзэн ямар мэргэжилтэй, хэд орчим насны хүн байдаг вэ. Хүмүүст үгээр дүрсэлж үзүүлбэл?
-Намайг тоомооргүй гуалиг, үйтэн хуар дээлтэй, тас хар шүү. Тийм эмэгтэй дээ.
-Хамгийн сүүлд тэр бүсгүйтэйгээ хэзээ холбоо барьсан бэ?
-Өө, үргэлж л ярина. Голдуу би биш тэр ярьдаг юм.
-Залгаад юу гэх үү?
-Сайн уу. Бие давгүй биз гэж асууна. Нас явчихсан болохоор ч тэр юм уу тэгж их асууна. Эмч хүн байхгүй юу. Би ч давгүй, давгүй л гэдэг юм.
Ямар хөөрхөн юм бэ