
Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эсэхээ шийдвэрлэх тун чухал бөгөөд хариуцлагатай тоглолтыг Гуамын талбайд зочлон хийнэ.
Энэхүү тоглолтын эргэн тойрон дахь мэдээ сурвалжилгыг “Өрөг.Мн” видео сайтын баг Гуамын арлаас албан ёсны эрхтэйгээр сурвалжлан хүргэх болно.
Энэ сарын 20-ны өдөр Гуамын шигшээ багтай тоглох “С” хэсгийн чухал тоглолтын дараа 23-ны өдөр Японы шигшээтэй Улаанбаатар хотод тоглох тус тус хуваарьтай байгаа.
Ингээд сагсан бөмбөгийн шигшээ баг энэ сарын 17-ны өдөр Гуамыг зорихоор бэлтгэж байна.
Энэхүү хоёр тоглолтын хамгийн чухал өрсөлдөөн бол Гуамын эсрэг хийх тоглолт юм. Хэрвээ Монголын шигшээ баг Гуамыг талбайд нь 12 болон түүнээс дээш оноогоор хожиж чадах юм бол Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжоо хадгалж үлдэнэ гэсэн үг ээ.
Тодруулбал, Азийн аваргад оролцох эрхийн төлөө нэмэлт тоглолтыг өөр хэсгийн гуравдугаар байрт шалгарсан багтай хийх юм.

Шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд хэн хэн дуудагдав?
Сагсан бөмбөгийн шигшээ багийг Грек мэргэжилтэн Фрагкиас Василиус ахлан дасгалжуулж буй. Тэрбээр энэ удаагийн тоглолтод оролцох шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг даваа гарагт буюу хоёрдугаар сарын 10-ны өдөр зарласан.
Шигшээ багийн нэгдсэн бэлтгэлд нийт 18 тамирчинг дуудаад байгаа юм. Өргөтгөсөн бүрэлдэхүүнд Ш.Энхийн-Од, Д.Баясгалан, Э.Сугар-Очир нар дуудагдсан нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байгаа. Гэхдээ тэд NCAA болон Тайванийн лигийн тоглолтуудаас шалтгаалан шигшээ багт нэгдэх эсэх нь боломжгүй байгаа юм. Харин АНУ-аас Г.Дөлгөөн шигшээ багийн нэгэн эд эс болж Гуамын эсрэг тоглолтод өөрийнхөө юу чаддагаа үзүүлэх үү, үгүй юу гэдэг нь шийдэгдэнэ.
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийнхан Азийн болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлдэж байгаа. Тус бүрэлдэхүүнээс О.Энхбаатарыг шигшээ багт дуудаад байгаа юм.
Дээрх тамирчид дээр нэмээд “Хасын Хүлэгүүд”-ийн Ч.Тэмүүлэн, Б.Барсболд, “Дархан Юнайтед”-ийн Г.Балжинням, оюутны лигээс Б.Энх-Амар нар өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудагдсан нь содон байв. Мэдээж тэд шигшээ багт анх удаагаа дуудагдах боломжтой эсэхийг ахдах дасгалжуулагч буюу дасгалжуулагчийн баг шийдвэрлэнэ.


Гуамын шигшээ баг Азидаа топ-10-т бичигддэг
Гуам улсын эрэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг Азидаа хүчирхэгт тооцогддог.
Гуамын шигшээ баг чансаагаараа тивдээ топ 10-т эрэмбэлэгддэг.
FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос далайн аварга шалгаруулах тэмцээнд Австрали, Шинэ Зеландаас өөр баг мөнгөн медаль хүртсэн ганцхан тохиолдол байдаг. Тэр нь Гуамын шигшээ баг юм. Тэгэхээр арал улс дотроо сагсан бөмбөгөөрөө хамгийн хүчирхэг гурван улсын нэг ажээ.


Гуамын шигшээ багийг 11-12 оноогоор илүү гаргаж хожихын үр дүн
FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос гаргасан дүрмээр багуудыг шалгаруулахдаа дараах үзүүлэлтүүдийг харгалзаж үзнэ.
- Хожил, хожлоос цуглуулсан оноо (Хожил хоёр оноо, хожигдол нэг оноо)
- Хоорондын тоглолтын үр дүн
- Онооны зөрүү (Тухайн багийн нийт тоглолтуудад авсан болон алдсан онооны зөрүү)
- Авсан оноо (Тухайн багийн нийт тоглолтуудад авсан оноо)
Одоогийн байдлаар “С” хэсгийг Япон найман оноотой тэргүүлж, Хятад долоон оноотой удаалж байна. Харин Гуамын шигшээ тав, Монголын баг дөрвөн оноотой удаах байруудад бичигдэж байгаа.
Тодотгож тайлбарлавал, Монголын шигшээ Гуамыг талбайд нь хожвол хоёр баг хоёулаа ижил зургаан оноотой болох юм. Тиймээс хоорондын тоглолтын үр дүнг харгалзаж үзнэ. Гуамын шигшээ баг 2024 оны хоёрдугаар сард Монголын шигшээг талбайд нь 74-63 буюу 11 онооны зөрүүтэй хожсон билээ.
Одоогийн байдлаар Монголын шигшээ нийт дөрвөн тоглолтод 239 оноо авч, 337 оноог өрсөлдөгч багтаа алдаад байгаа юм. Онооны зөрүү нь -98 буй. Тэгвэл Гуамын зөрүү оноо нь -63 байгаа ажээ.
Иймээс Монголын шигшээ Гуамыг талбайд нь 12 онооноос дээш зөрүүгээр гаргаж хожих нь чухал.


2025 оны Азийн АШТ Саудын Арабад болно
2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх наймдугаар сарын 5-наас 17-ны өдрүүдэд Саудын Арабын Жедда хотод болох товтой байгаа.
Өнөөдрийн байдлаар Азийн АШТ-д оролцох эрхээ авсан орнуудын нэрсийг танилцуулъя.
- Саудын Араб
- Австрали
- Япон
- Филиппин
- Шинэ Зеланд
- Ливан
- Йордан
Сагсан бөмбөгийн шигшээ багийнхан Гуамын эсрэг тоглох түүхэн хариуцлагатай тоглолт 2025 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр 17:30 цагт, харин Японыг Улаанбаатар хотод хүлээн авах тоглолт 13:00 цагт тус тус явагдана.