
“Талх чихэр” ХК жил бүрийн сар шинийн баярыг угтан хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ хийдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд могой жил гарч байгаатай холбоотойгоор арвижин дэлгэрэхийг бэлгэдэж, “Арвижих ерөөлтэй цагаан сар” нэрийн хүрээнд 17-р жарны Хөхөгчин могой жилийн хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ эхлүүллээ.
“Талх чихэр” ХК хэвийн боовны гол орц болох шар тос, монгол өрмийг 21 аймгийн малчдаас шууд худалдан авч, өөрсдийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээнд оруулан шаардлага хангасан тохиолдолд хэвийн боовны гол орц болгон хэрэглэдэг.
41 жилийн түүхтэй тус хамт олон ирэх жилийн идээний өнгө “АТАР”, төрийн хүндэтгэлийн идээ “ТҮМЭН НАСАН”, залуу гэр бүлд зориулсан “ӨВ СОЁЛ”, Өнөд оршихуйн бэлгэдэл “ЯЗГУУР” зүсэлттэй хэвийн боов гэсэн 4 брэндийн дөрвөн төрлийн хэмжээтэй, хэвийн боовыг үйлдвэрлэж байгаа бөгөөд тахилын боов болон шанзтай еэвэнг хийж, хэдийн хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болгож чадсан.
Мөн идээ засахад өнгөтэй, идэхэд амттай шанзтай еэвэнгийн орц найрлага буюу Монгол арвайн гурил, шингэн сүүгээр зуурч бэлдсэн “Шанзтай тавгийн идээ” шинээр худалдаанд гаргасан байна.
2025 онд Монгол хэлний тухай хуулийн дагуу Төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтлөн явуулах захирамж гарсантай холбоотойгоор үндэсний дархлаа болсон босоо монгол бичгээ уламжлан таниулах, өвлүүлэн үлдээх зорилгоор
Нарны мандлаас ургуулж бичдэг
Нарнаас доош урсгаж бичдэг
Нандин туяатай нь сүлжиж бичдэг
Намирсан бороотой сүлж бичдэг Монгол бичиг хэмээн онцолж, ирсэн зочдынхоо нэрсийг Босоо Монгол бичгээрээ бичин бэлэглэж, өнөөдрийн арга хэмжээнд ирсэн зочдынхоо нэрсийг болон сэтгэлийн үгийг босоо монгол бичгээрээ мөнхлөн авч үлдэж байгаа нь өнөөдрийн арга хэмжээний гол онцлог байлаа.