
Өнгөрсөн мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Йорданы хаан II Абдуллаг Цагаан ордонд хүлээн авч уулзсан байна.
Энэ нь хоёр орны төрийн тэргүүнүүдийн хувьд Ерөнхийлөгч Д. Трамп Газын зурвасын 2 сая орчим иргэдийг Йордан, Египет зэрэг Ойрх Дорнодын бусад улс орнууд руу нүүлгэн шилжүүлж, тус бүс нутгийг хөгжүүлнэ гэсэн төлөвлөгөөгөө танилцуулсанаас хойшхи анхны уулзалт юм.
Ерөнхийлөгч Д. Трампын зүгээс Йордан болон Египет Газын зурвасын палестинчуудыг хүлээн авахгүй бол Вашингтон тус хоёр улсад үзүүлэх тусламж дэмжлэгээ зогсооно хэмээн мэдэгдсэн билээ.
Ойрх Дорнод дахь АНУ-ын түнш Йордан улсад өнөөдрийн байдлаар 2 сая гаруй палестинчууд амьдарч байгаа ба Йорданы хаан Абдулла Ерөнхийлөгч Д. Трамптай хийсэн уулзалтынхаа үеэр Газын зурвасын иргэдийг нүүлгэн шилжүүлэхийн эсрэг байр сууриа илэрхийлжээ.
Гэсэн хэдий ч хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалтын дараа Ерөнхийлөгч Д. Трамп сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа АНУ Газын зурвасыг эзэмшсэнээр тус бүс нутагт олон ажлын байр шинээр бий болно хэмээн, Йордан болон Египетэд палестинчуудад өгөх хэсэг газар байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн бол Йорданы хаан Абдулла бүх талуудад таатай байх шийдлийг олох нь чухал хэмээн, эмчилгээ, асаргаа сувилгаа шаардлагатай палестины 2000 хүүхдийг хүлээн авахдаа бэлэн байгаагаа мэдэгджээ.
НҮБ-ын зүгээс Газын зурвасын иргэдийг хүчээр нүүлгэн шилжүүлэх нь олон улсын хуулийн зөрчил бөгөөд улс үндэстнийг үгүй хийх гэмт хэрэгтэй дүйцнэ хэмээн анхааруулаад байгаа юм.
Эx Сурвалж: BBC.Com