
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бусад бүх улс орнуудын АНУ-д нийлүүлдэг ган болон хөнгөн цагааны импортын татварыг 25 хувь болгон нэмэгдүүлэхээр төлөвлөсөн талаараа мэдэгджээ.
Тэрээр энэ сарын 11 болон 12-нд АНУ-ын экспортын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлсэн удс орнуудын импортын бараа бүтээгдэхүүний татварыг мөн адил нэмэгдүүлэх арга хэмжээ авна гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр анх сонгогдон ажиллаж байхдаа Д. Трамп гангийн импортонд 25 хувь, хөнгөн цагааны импортонд 10 хувийн татвар ноогдуулж, АНУ-ын худалдааны түнш орнууд болох Канад, Мексик, Бразил улсыг уг татвараас чөлөөлж байжээ.
Д. Трампын дараа Ерөнхийлөгч болсон Жо Байден Их Британи, Япон болон Европын холбоог дээрх татвараас чөлөөлсөн аж. АНУ-д ган нийлүүдэг улс орнуудыг Канад, Бразил, Мексик, БНСУ болон Вьетнам зэрэг улс орнууд тэргүүлдэг бол 2024 оны АНУ-ын хөнгөн цагааны нийт импортын 79 хувийг Канад улс дангаараа эзэлжээ.
Мексик улсын хувьд АНУ-д их хэмжээний хаягдал хөнгөн цагаан болон хөнгөн цагааны хайлш нийлүүлдэг аж. Д. Трампын засаг захиргаа Канад болон Мексикийн импортын бараанд 25 хувийн татвар, БНХАУ-ын бараанд 10 хувиийн татвар ноогдулахаа мэдэгдсэн ч Ерөнхийлөгч Д. Трамп Канад болон Мексикийн төрийн тэргүүнүүдтэй ярилцсаны эцэст уг шийдвэрээ хойшлуулсан билээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч Д. Трамп импортын хагас дамжуулагч, эм тариа зэргийн татварыг нэмэгдүүлж, Европын холбооны импортын бараанд 10 хувийн татвар ноогдуулахаар төлөвлөжээ.