
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор нийт 10 аж ахуйн нэгжийн 8713 тонн нөөцийн махыг энэ сарын 7-ны өдрөөс үе шаттай борлуулж эхэллээ. Үхрийн ястай мах 1 кг нь 13800 төгрөг бол хонины ястай мах 1 кг нь 11800 төгрөгөөр борлуулагдаж байгаа аж.
Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар нөөцийн махыг 117 дэлгүүрээр борлуулж буй юм байна. Нөөцийн мах борлуулах цэгийг үе шаттай нэмэгдүүлэх бөгөөд хоёрдугаар сарын 15-н гэхэд нийтдээ 446 дэлгүүрээр борлуулахаар бэлтгэл хангаж эхэлжээ. Энэ жилийн тухайд 10 мянга орчим тонн махыг худалдаанд гаргахаар бэлтгэсэн юм.
Махны үнийг тогтворжуулах зорилгоор жил бүр нөөцийн мах бэлтгэн, нийлүүлдэг. Жил бүрийн хавар нөөцийн махыг худалдаанд гаргадаг ч өнөө жилийн хувьд бараг хоёр сарын өмнө шахам худалдаанд гаргаад байна гэж хэлж болно. Өнөө жил хаврын сар гарахаас урьтаж нөөцийн мах худалдаанд гарсныг нэг талдаа үнийг тогтворжуулах зорилготой гэж тайлбарлаж буй.
Энэ жилийн хувьд махны үнэ өндөр байгаа бөгөөд үхрийн цул мах 1 кг нь 21 мянган төгрөг даваад байгаа юм. Засгийн газар махны үнийг тогтворжуулах, мөн хомсдол үүсэхээс сэргийлж, махны экспортыг түр хугацаагаар хязгаарлаад байгаа билээ.