
Спорт хил хязгааргүй ертөнц. Энэ л салбар үнэхээр онцгой, гайхалтай, бахархуулж омогшуулсан басхүү догдлуулсан үнэ цэнтэй мөчүүдээр дүүрэн.
Багийн спорт тэр дундаа Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн тэмцээнийг зохион байгуулж эхэлснээс хойш хэдийнээ 30 жилтэйгээ золгожээ.
Баяртай жаргалтай, гунигтай ялагдалтай, ялалттай түүхэн мөчүүдээр дүүрэн дотоодын 30 насаа угтсан арга хэмжээ хэзээ ч мартагдашгүй сайхан болж өндөрлөлөө.
Хоёр өдрийн туршид сагсан бөмбөгийн фэн фанатууд үнэхээр дүүрэн сэтгэл ханамжийг авч, амьдралдаа хэзээ ч мартагдашгүй дурсамжтай мөчийг бүтээх боломжийг олгосон үдэш байлаа. Ховор цаг мөч, цаг үетэйгээ хөл нийлүүлсэн гайхалтай өдрүүдийг бэлэглэсэн Монголын Сагсан бөмбөгийн холбооны хамт олонд болон үе үеийн сагсан бөмбөгчдөдөө 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж буйг маань хүлээн авна уу.

30 жилийн ойн баярын тойм:
Сагсан бөмбөгийн дээд лигийн “Бүх Одод” буюу “Холимог Одод”-ын тоглолт онцгой сюрпризүүдээр дүүрэн байв.
Жүжигчин Г.Лхагвацэрэн буюу Жижгээ мөн Дуучин сүүлийн үед кино урлагт муугүй жүжигчин гэдгээ сорьж яваа С.Зоригт буюу Зори нараар “Холимог Одод”-ын тоглолтыг шүүлгэсэн нь эзнээ олсон бөгөөд зөв шийдэл байлаа. Энэ нь ч үзэгч фэнүүдийг хөгжөөж, уур амьсгалыг эерэгээр бүрдүүлэн, нэгэн үдшийн чимэг байсан онцлоё.


“Холимог Одод”-ын тоглолтод “Хасын Хүлэгүүд”-ийн тамирчин А.Азбаяр, Хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбат дасгалжуулагчтай Жүжигчин Б.Тамир ахлагчтай баг түрүүлсэн. Харин эсрэг баг “BCH Knights” багийн тамирчин О.Эрдэнэцогт, хөгжмийн зохиолч Н.Халиун нар дасгалжуулан, жүжигчин, хөтлөгч Э.Ууганбаяр ахалсан юм.
Урлаг соёл, спортын оддоос бүрдүүлсэн хоёр багийг эн тэнцүүхэн хуваасан байсныг хэлэх нь зүйтэй. Иймдээ ч хоёр багийн өрсөлдөөн маш ширүүхэн өрнөсөн.
“Холимог Одод”-ын тоглолтын MVP буюу “Үнэ цэнтэй тоглогч”-оор Улсын начин Э.Батмагнай тодорсон. Түүний ээлж дараалсан шидэлтүүд багтаа чухал оноог авчирсан бөгөөд тун дайчин, мэргэжлийн тамирчнаас өөрцгүй тоглолттой гэдгээ харуулж байлаа.


Хоёр багийн тоглолт эхлээд удаагүй байхад “Хасу Мегастрас” клубын тамирчин, волейболчин Б.Баярсайхан гайхмшигтай тохолт хийж багтаа тун эрэгтэй оноог авчран үзэгчдийг шуугиулаад авсан. Биеийн өндрөөр ч тэр, тоглолтын довтолгоогоор ч сагсан бөмбөгт авьяастай гэдгээ харлуун, спортынхон хөрвөх чадвартай гэдгээ гайхуулаад амжив.


- Харин эрэгтэй тоглогчдын тухайд лигийн шилдгүүдийн дундаас Н.Золжаргал онцгойрсон. Тэрбээр тав дахь удаагаа түрүүлж, өөрийгөө ямар тоглогч вэ гэдгээ харуулсан юм.
- Тэгвэл эмэгтэй тоглогчдоос “Аравт” багийн Э.Чимэддолгор шилдэг шидэгч, хуучин бууны хугархай гэдгээ харуулаад авсан билээ.
- Залуу оддын тоглолтын дараа болсон ур чадварын тэмцээнд Б.Барсболд болон Ө.Индра нар түрүүлэв.
Монголын сагсан бөмбөгийн үе үеийн домгууд чуулсан үдэш


Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн “Бүх оддын тоглолт” өнгөрсөн амралтын өдрүүдэд “UG Арена”-д болж өндөрлөсөн. Сагсан бөмбөг сонирхогчдын баярын эхний өдөр хөгжөөн дэмжигчдэдээ гэнэтийн бэлгүүдийг барьсан.
Тэгвэл хоёр дахь өдөр сагсан бөмбөгийн үе үеийн домгуудыг урьсан гайхалтай үдэш байлаа.


Лигийн шилдэг 30 тоглогч тэр дундаа үеийн үед талбай дээр домог байсаар ирсэн шүтэн биширдэг сагсан бөмбөгчнөө нэгэн дор харах үзэгч, фэнүүдийн хувьд хамгийн гайхалтай, ховорхон мөч байсныг тодотгоё.


1+11 багийн шилдгүүдээс эхлээд л М.Ихбаяр, Б.Одбаяр нарын хослол, П.Болортулга, Т.Санчир, Ш.Сэдбазар, О.Сэргэлэн гээд л цаг цагийн онцгой тоглогч нарыг нэгэн дор харж, тоглолтыг нь үзэн баясаж, сагсан бөмбөгийн хорхойтнуудад үнэхээр том кайф мэдрэмжийг олгосон үдэш байлаа.
МСБХ-ноос дээд лигийн 30 жилийн ойн баярт зориулан үе үеийн лигийн тамрчдын медаль, пүүз, өмсгөл, шилдгийн цом, аваргын бөгж, тамирчдын фотог багтаасан “Музей” дэлгэсэн нь үзэгчдийн таашаалд нийцсэн бас нэгэн чимэг арга хэмжээ болов.


Хоёр өдрийн туршид гэнэтийн бэлгээр дүүрэн байсан, спортын арга хэмжээг энтертайнмент, шоутой хослуулан гайхалтай өнгө төрх, онцгой, шинэлэг содон зүйлүүдээр дүүрэн “Бүх Одод” болж өндөрлөв.


Бүх л зүйлийг төгс төлөвлөсөн, содон арга хэмжээг чадварлаг зохион байгуулсан салбартаа шинэ өнгө нэмсэн Монголын сагсан бөмбөгийн холбооны хамт олон болон үе үеийн сагсан бөмбөгчдөд спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Ирэх жилийн “Бүх Одод”-ын тоглолтоор эргэн уулзацгаая.

