
AirlineRatings.com сайтын 2025 оны дэлхийн шилдэг агаарын тээврийн компаниар БНСУ-ын Korean Air компани тодорч, өнгөрсөн жилийн ялагч Qatar Airways компанийг ардаа орхижээ.
AirlineRatings.com сайт Korean Air компани шилдгээр тодорсон гол шалтгаан нь энгийн зэрэглэлийн суудал нь бусад бүх компаниудын онгоцноос илүү зай ихтэй явдал гэдгийг онцолжээ. Тус сайтын гүйцэтгэх захирал Шэрон Питерсоны хэлсэнээр ихэнх агаарын тээврийн компаниуд онгоцнуудынхаа анхны бүтцийг өөрчилж, эгнээ бүрт нэг суудал нэмж, энгийн зэрэглэлийн хоёр сандал хоорондох зайг 31-32 инч болгон багасгасан байдаг бол Korean Air компани энгийн зэрэглэлээр зорчиж буй зорчигчдынхоо тав тухыг нэн тэргүүнд тавьж, онгоцныхоо суудлын анхны бүтцийг өөрчлөөгүй аж.
Түүнээс гадна Korean Air компани Asiana Airlines компанитай нэгдсэн явдал нь шилдгээр тодроход нь тодорхой нөлөө үзүүлсэн байна. Дэлхийн шилдэг 25 агаарын тээврийн компаниудын жагсаалтанд багтсан авиа компаниуд нь зорчигчдодоо цогц үйлчилгээ үзүүлж, зорчигчдынхоо тав тухыг эрхэмлэж энгийн зэрэглэлийн суудал хоорондын зайг багадаа 31 инчийн хэмжээнд барьжээ.
AirlineRatings.com сайтын энэхүү жагсаалтыг иргэдийн санал хураалтаар бус агаарын тээврийн мэргэжилтнүүдийн агаарын тээврийн компаниудын чанар, үнэ цэн, аюулгүй байдалд хийсэн нарийн үнэлгээний дагуу гаргадаг аж. Харин хямд нислэгүүд санал болгодог 2025 оны агаарын тээврийн шилдэг 20 компанийг AirAsia компани тэргүүлжээ. Энэ онд AirlineRatings.com Шилдэг хайбрид агаарын тээврийн компаниудын жагсаалтыг анх удаа гаргасан байна. Агаарын тээврийн хайбрид компаниуд нь хямд нислэгийг санал болгохын зэрэгцээ том авиа компаниудтай адил цогц үйлчилгээг үзүүлдэг ба уг жагсаалтыг Америкийн JetBlue компани тэргүүлсэн байна.
AirlineRatings.com сайтын 2025 оны агаарын тээврийн Шилдэг 25 компани:
- Korean Air
- Qatar
- Air New Zealand
- Cathay Pacific
- Singapore Airlines
- Emirates
- Japan Airlines
- Qantas
- Etihad
- Turkish Airlines
- EVA Air
- Fiji Airways
- Virgin Atlantic
- ANA
- Aero Mexico
- Air Caraibes
- Thai Airways
- Starlux
- Vietnam Airlines
- Sri Lankan Airlines
- Air France
- KLM
- Air Calin
- Air Mauritius
- Garuda Indonesia