
Одоогоос жилийн өмнө Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Улсын аварга О.Хангай өөрийн цахим хуудсанд болон Ерөнхийлөгчийн тамгын газарт хүсэлт гаргаж саналаа илэрхийлж байсан.
Өнгөрөгч пүрэв гарагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, “Эхийн алдар” одонгоор шагнах тухай журамд өөрчлөлт орууллаа.
Алдарт эхийн одонгоор шагнах журмын 2.3.2 дахь хэсэгт “Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг Алдарт эхийн одонгоор шагнах хүүхдийн тоонд хамруулж болно” гэсэн байна.
Тиймээс хүүхэд нь 1 нас хүрээд нас барсан ээжүүд Алдарт эхийн одонгоор шагнуулах материалаа харьяа сум дүүрэг, хороондоо өгөх боломжтой боллоо.
Иймд “Эцэг эх биднийхээ сэтгэл зүрхэнд үүрд орших үрсийгээ илүү тодоор санан дурсах өдөр ирэх нь ээ. Ээжүүдийнхээ өмнөөс баяртай байнаа. Олон ээжүүдийн ЭЛГИЙГ ДЭВТЭЭЖ, ЭНГЭРИЙГ МЯЛААХ өөрчлөлтийг өргөн барьж батлуулсад ээжүүдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлье.” гэж Аварга О.Хангай өөрийн цахим хуудастаа бичжээ.