УИX-ын дарга Д.Амарбаясгалан БНXАУ-д айлчлаxаар мордов

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Газын зурвасын 2 сая орчим иргэдийг Йордан болон Египет улсын газар нутаг руу нүүлгэн шилжүүлж, Газын зурвасыг хөгжүүлэх хүсэлтэйгээ удаа дараа илэрхийлсэнтэй холбоотойгоор Йорданы хааэ II Абдулла болон Египетийн Ерөнхийлөгч Абдел Фатах аль-Сиси нар Ерөнхийлөгч Д. Трампыг уг төлөвлөгөөнөөсөө татгалзахыг ятгахаар Вашингтоныг зорихоор болжээ.
Шинжээчид Йордан болон Египетийн эрх баригчид Израилийн хүн амын шилжин суурьшлын бодлого нь бодитоор хэрэгжиж эхэлнэ гэхээс маш ихээр эмээж байгааг онцолжээ.
Амман болон Каирын эдийн засаг, аюулгүй байдал нь АНУ-ын худалдаа болон тусламж дэмжлэгээс өндөр хамааралтай учраас Йорданы хаан II Абдулла, Египетийн Ерөнхийлөгч Абдел Фатах аль-Сиси нарын хувьд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын геополотикийн бодлого маш чухал ач холбогдолтой билээ.
Йордан улсын хувьд 1948 онд Израиль улс байгуулагдах үед болон 1967 онд Израиль Йорданы Баруун эрэг болон Газын зурвасыг хяналтандаа авах үед палестины олон тооны дүрвэгсдийг хүлээн авч байсан түүхтэй бөгөөд өнөөдрийн байдлаар Йорданы нийт хүн амын талаас илүү хувийг Палестин гаралтай иргэд эзэлж байгаагийн дийлэнх нь одоог хүртэл дүрвэгчийн статустай амьдарч байгаа аж.
Йорданы Баруун эрэг дэх палестинчуудыг Йордан руу нүүлгэн шилжүүлэх нь Израилийн хэт барууны үзэлтнүүдийн олон жилийн өмнөөс тээж ирсэн зорилго бөгөөд йорданчууд Газын зурвасын иргэдийг нүүлгэн шилжүүлэх нь Израильд Йорданы Баруун эргийг газар нутагтаа нэгтгэх боломжийг олгоно гэж үзэж байгаа аж.
Йорданчууд эрх баригчдаасаа палестинчуудыг дэмжихийг шаардаж, Ерөнхийлөгч Д. Трампын шаардлагыг биелүүлэх нь палестинчуудаас урвасан явдал болно хэмээн сүүлийн хэдэн сарын турш жагсаал цуглаан өрнүүлсээр байгаа юм.
Нөгөө талаас Йордан нь Израильтай энхийн гэрээтэй бөгөөд АНУ-тай зэвсэгт хүчин, эдийн засгийн нягт харилцаатай нь Ерөнхийлөгч Д. Трампад давуу байдлыг олгож байгаа юм.
Египетийн хувьд Газын зурвасын иргэдийг Синайн хойгтоо суурьшуулах нь аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй гэж үзэж байгаа аж. ХАМАС-Израилийн дайн явагдсан 16 сарын хугацаанд Египет палестины дүрвэгсдийг хүлээн авахаасаа татгалзсаар ирсэн юм.
Каир палестины дүрвэгсдийг хүлээн авсанаар цаашид дүрвэгсдийн урсгал нэмэгдэж, дүрвэгсдийн дотор алан хядах, зэвсэгт бүлэглэлийнхэн байх өндөр эрсдэлтэй гэж үзжээ.