
Монгол Улсын Их Сургууль 2025-2027 онд хэрэгжүүлэх “Монгол хэл шинжлэл” 8 багц төслийн баримт бичиг, төлөвлөгөөгөө танилцууллаа. Төслийн нээлтэд МУИС-ийн ректор Б.Очирхуяг, сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Д.Заяабаатар, судалгаа, бүрэлдэхүүн сургууль, салбарын захирлууд болон монгол хэл шинжлэлийн салбарын эрдэмтэн судлаачид оролцов.
МУИС “Монгол хэл шинжлэл” 8 багц төслөө Монгол Улсын Үндсэн хууль, Монгол хэлний тухай хууль, Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Их Сургуулийн 2025-2030 хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө зэрэг эрх зүйн баримт бичигт монгол хэл, бичгийг эзэмших, хамгаалах, судлахтай холбогдсон заалт, төлөвлөгөөтэй уялдуулж боловсруулсан байна.
Энэхүү “Монгол хэл шинжлэл” 8 багц төслийг Монгол Улсын Их Сургуулийн Монгол судлалын хүрээлэнд Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, монгол хэл шинжлэлийн сургалт, судалгааны бусад байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран хэрэгжүүлнэ.
Төслийн хүрээнд их сургуулийн стандарт монгол хэлний тайлбар толь бичиг, нутгийн аялгууны мултимодель толь бичиг, хүүхдэд зориулсан, түвшинд ангилсан тайлбар толь бичиг; гадаад хүн, монгол үндэстэн, гадаад улсад төрж өсөж буй монгол хүүхдэд зориулсан иж сурах бичгийг олон улсын сурах бичгийн стандарт, аргачлалын дагуу зохиох; монгол хэл, соёл, уламжлалын талаар цахим хичээл боловсруулж бүтээх, түгээх; орчин үеийн хэл шинжлэлийн онолын болон монгол хэлний хэм хэмжээ, хэрэглээний сурах бичиг зохиох; Монголын нууц товчооны цуврал ном бүтээх; орчин үеийн хэл шинжлэлийн онол, арга зүйн шинэлэг судалгааг танилцуулах ажээ.