
БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам өнөөдөр эхэллээ. Монгол улсын тамирчид ойрын өдрүүдэд кёрлинг, шорт трейкийн төрөлд өрсөлдөж байна. Шорт трейкийн холимог хосын төрөлд Монголын баг хэсэгтээ сүүл мушгисан. Харин шорт трейкийн эмэгтэйчүүдийн ангилалд нийт 25 тамирчин уралдахад Монгол Улсын тугч Б.Гэрэлтуяа 1000 метрт 1:41.324, 1500 метрт 2:38.676 минутын амжилтаар шөвгийн 16 дугаар байрт шалгарлаа. Тэрбээр хагас шигшээд маргааш буюу 2 дугаар сарын 08-ны өдөр уралдана.

Б.Гэрэлтуяа нь шорт трекийн төрлөөр Азийн наадмын түүхэнд хагас шигшээд шалгарсан анхны Монгол тамирчин боллоо.
Шорт трейкийн төрөл Харбиин хотын “HIC Multifunctional Hall” ордонд болж байгаа бөгөөд манай улсаас дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор Б.Гэрэлтуяа, Г.Мөнх-Эрдэнэ, М.Борхүү, Э.Мөнх-Эрдэнэ нар уралдаж байна.
Б.Гэрэлтуяагийн олон улсын тэмцээнээс медаль хүртсэн амжилтаас товч дурдвал, “Danubia Series–Sofia Open 2023” болон Тэнгсийн цом”, тэмцээнээс нийлбэр дүнгээр алт, “Deutschland cup” тэмцээнээс нийлбэр дүнгээр мөнгө, Asian Trophy олон улсын тэмцээнээс хошой хүрэл, “Sea Trophy Manila” олон улсын тэмцээнээс хошой алт, нэг мөнгөн медаль хүртсэн тамирчин юм.
Тэрбээр “Харбин 2025” Азийн өвлийн наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монголын багийн тугчаар оролцсон билээ.
Энэ удаагийн наадамд 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдөж байгаа бол манай улсын баг тамирчид энэхүү наадамд тасралтгүй оролцож байна.