
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс өнгөрсөн хугацаанд 779 иргэн амь насаа алдсан талаар тоо мэдээллийг Утааны сонсголын үеэр танилцуулсан. Энэ бол 2017 оноос хойш өнөөдөрийг хүртэлх 8 жилийн хугацаанд угаартаж амь насаа алдсан хүний тоо. Мөрдөн байцаах газар болон Авлигатай тэмцэх газраас сайжруулсан түлш үйлдвэрлэгч “Тавантолгой түлш” компанийн үе үеийн удирдлага болон 2018-2024 он хүртэлх албан тушаалтнуудыг шалгаж байгаа тухай ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэлдээ хэлсэн.
“Бид 2017-2019 онд түүхий нүүрс хэрэглэж байсан. Тэр үед ч ийм харамсалтай үйл явдал болж байсан.
Сайжруулсан түлш хэрэглэж байгаа одоо үед ч ийм харамсалтай явдлууд болсоор байна. Бид утааны сонсголын үеэр ирсэн мэдээлэл, сая болсон харамсалтай, эмгэнэлтэй хэрэгтэй холбогдуулан Тавантолгой түлш компанийн асуудлыг илүү анхаарч авч үзэж байна. 779 гэдэг тоо бол албан ёсны ШШҮХ-ийн гаргасан тоо. Цаашид дахин ийм харамсалтай асуудалтай холбоотой явдал гаргахгүйн тулд бид бүхэн болон иргэд маань ч анхаарах хэрэгтэй байна” гэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Тавантолгой түлш компаниас 29 нэр төрлийн химийн бодис зэрэг шаардлагатай түүхий эдүүдэд мэргэжлийн байгууллагаар шинжилгээ хийлгэсэн байна. Үүнд барьцалдуулагч буюу цардуултай холбоотой асуудал шалгагдаж байна. Асуудал гарвал хуулийн дагуу хариуцлага тооцно. Зөвхөн 23-ний өдрийн хэрэг биш монгол хүний эрдэнэт амь хохирсон хэргүүдэд хариуцлага тооцно гэдгийн салбарын сайд онцоллоо.