
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ болон тус улсын түнш орнуудын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр Олон Улсын Эрүүгийн Шүүхийн эсрэг хорир арга хэмжээ авах тогтоолд гарын үсгээ зуржээ.
Тэрээр,
“Миний бие АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нь Олон Улсын Эрүүгийн Шүүх нь АНУ болон АНУ-ын ойрын түнш болох Израилийн эсрэг хууль бус бөгөөд үндэслэлгүй үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байна.” хэмээн тогтоолдоо онцолж, ОУЭШ-ийн ажиллагаа нь АНУ-ын тусгаар тогтнолд заналхийлж, Америкийн засгийн газрын үндэсний аюулгүй байдал болон гадаад харилцааны салбарт хийж буй чухал ажлуудад нурааж байна хэмээн буруушаажээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн тогтоолын дагуу АНУ-ын иргэд болон тус улсын түнш орнуудыг мөрдөх ОУЭШ-ийн ажиллагаанд оролцсон хувь хүмүүс болон тэдгээрийн гэр бүлийнхний өмч хөрөнгийг нь царцаах, АНУ руу оруулахгүй байх зэрэг эдийн засгийн болон визийн хориг арга хэмжээ авах аж.
АНУ нь ОУЭШ-ийн Ромын дүрэмд нэгдээгүй орнуудын нэг бөгөөд ОУЭШ-ийн шийдвэр нь АНУ-ын иргэдэд үйлчлэхгүй гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн оны 11-р сард ОУЭШ Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху болон тухайн үед Израилийн Батлан хамгаалахын сайд байсан Йов Галант нарыг “хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг болон дайны гэмт хэрэг” үйлдсэн хэргээр баривчлах захирамж гаргасан билээ. Ерөнхийлөгч Д.Трампын хувьд 2020 онд АНУ-ын Афганистан дахь үйл ажиллагааг шалгаж байсан ОУЭШ-ийн албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авах тогтоол гаргаж байсан юм.