
Үндэсний бөхөөр барилддаг бөхчүүд жүдо болон чөлөөт суурьтай байдаг. Иймдээ ч их спортоор сууриа тавьсан тамирчид барилдааны арга барил, техник ур чадвар сайтай байдаг болов уу.
Зарим тамирчид ч бэлтгэл сургуулилтынхаа үр дүнг ямар шатанд буйг дотоодын тэмцээн уралдаанд оролцож чансаагаа шалгачихдаг. Жүдо бөхийн дотоодын чансаа тогтоох “Топ-6” цуврал тэмцээнд их спортоосоо хөндирйсөн тамирчид ч зорин ирж зодоглодог билээ. Тус тэмцээн шилдгүүдийг урин дуудаж, дотоодын чансааг нь хэр байгаа, ямар түвшинд буйг сориод шалгачихдаг.
Ингээд бид жүдо бөхийн “Топ-6” тэмцээнийг зорин очиж тус тэмцээнд барилдаж буй Улсын Заан Б.Сериктэй цөөн хором ярилцлаа.
Тэрбээр сар шинийн баярын өмнөхөн барилдааны бэлтгэлээ хийнгээ, “Топ-6-“д өрсөлдсөн юм.
Улсын Заан Б.Серик: Энэ жил улсын баяр наадмаар дээшээ сайн барилдаж, цолоо ахиулах гол зорилготой яваа

-Сайн байна уу? Өөрийн тань хувьд жүдо суурьтай. Иймдээ ч 2025 оны насанд хүрэгчдийн УАШТ-д зодоглож, мөнгөн медаль хүртсэн болов уу?
-Сайн байна уу? Ерөнхийдөө их спорт гэдэг бол үндэсний бөхийн маань суурь нь болдог. Уян хатан чанар, хажуугаар нь энэ жүдогийнхоо улсын аваргад оролцож өөрийгөө сойлоо. Улсын аваргаас мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна.
-Энэ жилийн гол зорилго улсынхаа баяр наадамдаа цолоо ахиулах байх?
-Улсын наадамд цолоо ахиулах, дээшээ барилдахыг хичээж байгаа. Энэ жил жүдодоо сориод, өөрийгөө шалгаж явна даа. Мөн бэлтгэлээ хангаж явна. “Топ-6” тойргийн журмаар барилдах жүдо бөхийнхөө тэмцээнд хүчээ сорих гээд байж байна. Миний хувьд жүдо бөхөөсөө жаахан хөндийрөөд, үндэсний бөхөөр голдуу бэлтгэл сургуулилтаа чамбайруулж байна. Сая ерөнхийлөгчийн цом оны өмнө болсон. Одоо тэгээд цагаан сар гээд мөн зааландаа хоёрдугаар сарын барилдаандаа тогтмол барилдаж байгаа. Бямба, ням гээд хоёрдугаар сардаа олон барилдаантай. Тэрэндээ л бэлдэж байна даа. Хажуугаар нь энэ жүдо бөхийн шилдэг 6-д өөрийгөө сойгоод, цагаан сарынхаа бэлтгэлийг хийгээд байж байна даа.
-Ерөнхийлөгчийн цомын барилдаанаар бөх сонирхогчдын таамаг эвдэгдсэн. Олон тааварлаагүй барилдаанууд гарсан?
-Ерөнхийлөгчийн цомsын барилдаан чансаа өндөр 128 бөхийн дунд өрнөдөг. Тэгээд нэгийн даваанаасаа аймгийн арслантай барилдаж эхэлсэн. Аварга, арслангууд ихтэй байлаа. Дээшлэх тусам чансаа, түрүүлэх бөх нь нөгөө тэр тааврууд нь эвдлээд, хүмүүсийн маань таавар эвдэгдээд, Батмагнай дүү маань түрүүлж, би үзүүрлээд сайхан барилдсаан. Тэр форумаа хадгалаад, цагаан сарынхаа барилдаанд, улсынхаа баяр наадамдаа бэлдэж байна даа.


-Таны хувьд казын үйлдвэрлэл эрхлээд хоёр жил болчихвуу? Одоо тогтмол хэрэглэгчтэй болсон уу?
-Яахав, манай нутгийн брэнд каз. Казах ард түмэн зочдоо гол үндэсний брэндээрээ дайлдаг. Би урьд нь энэ чиглэлийн өрхийн бизнес эрхлэе хэмээн бодож явсан юм. Одоо үндэснийхээ брэндийг яаж сурталчлах вэ гэж бодсоор бодит ажил болгосон. Хамгийн гол нь бөхийн буянд, бас барилдаж явдагийнх том Заан цолны буянд ард түмэн их дэмждэг. Манайх эрэлт, захиалга их сайтай. Сайхан ээж, аав, гэр бүлийн хүн минь ард маань байдаг тулдаа бид нар хоёр жил орчим үйлдвэрлэж байна. Жил бүр л намрын хоёр сарыг үүндээ зарцуулан явсаар, тэгээд хоёр жилийг казандаа зориулж байна даа./инээв/
Анх гэр бүлийнхээ л хүмүүстэй эхэлсэн. Энэ жилийн хувьд жаахан хэрэглэгч өндөртэй болсон. Иймээс ажилчид аваад ажиллуулж байгаа ч гэхдээ манайд ажил хийх хүмүүс хэцүү болж байна даа.
Тэгээд хүргэлтийг өөрөө хийсэн. гэхдээ хүргэлт хийгээд байхаар загнуулсан. Хүргэлтэндээ анхаараад, бэлтгэлээ цалгардуулаад эхэлтэл барилдахаар доод даваандаа уначихсан. Ингээд чи бэлтгэлээ хийгээч, барилдаач гээд л загнуулаад, шууд л бэлтгэлдээ орсон./инээв/
Одоо үед түгжрэл их, захиалагчийнхаа яг цагт нь хүргэхэд жаахан хүндрэлтэй. Аль болох хүнд хүргэхдээ халуунаар нь, чанартай, маш цэвэрхэн хийхийг хчиээдэг. Нэг авсан хүн маань байнга захиалж авдаг шдээ. Тэгэхээр гайгүй л байгаа байх. Манай ээжийн маань жор болохоор янзын сайхан байгаа.
Ярилцсанд баярлалаа.

