
Өнгөрсөн мягмар гарагт Д. Трампын засаг захиргаа АНУ-ын Олон Улсын Хөгжлийн агентлагийн (USAID) хэрэгжүүлж буй бүх төсөл хөтөлбөрүүдийг зогсоож, АНУ дахь ажилчдыг ажлаас нь чөлөөлж, гадаадад ажиллаж буй бүх ажилчдыг нь эх орон руу нь буцаах шийдвэр гаргасныг эсэргүүцэн Вашингтон дахь Конгрессын ордны гадаа олон мянган иргэд цуглажээ.
Олон Улсын Хөгжлийн агентлагийн мянга мянган гэрээт ажилчид ажлаасаа халагдаж, заримд нь цалингүй чөлөө олгосон ба тус агентлагийн албан ёсны сайт ажиллахаа больж, X нийгмийн сүлжээн дэх албан ёсны хуудас нь байхгүй болсон байна.
Тус агентлагт Ерөнхийлөгч Барак Обама болон Жо Байдены үед ажиллаж байсан мэргэжилтэн Жереми Конындык Конгрессын ордны гадаа цугласан иргэдэд хандан, “Бид асар хүнд нөхцөл байдал ороод байна. USAID-ыг үгүй хийх нь олон хүний амь насанд нөлөөлнө. Энэ шийдвэрийг ОХУ, БНХАУ асар баяртайгаар хүлээн авч байгаа” хэмээн мэдэгджээ.
Олон Улсын Хөгжлийн агентлагийн бүх төсөл хөтөлбөрүүд тэр дундаа ХДХВ-ээс сэргийлэх, өлсгөлөнтэй тэмцэх ажлууд, дайн байлдаанд өртсөн улс орнуудыг сэргээн босгох, боловсролын хүртээмжийг сайжруулах зэрэг бүх ажлуудыг энэ сарын 24-нөөс тодорхойгүй хугацаагаар зогсоожээ.
Ажиглагчид Д. Трампын засаг захиргаа Олон Улсын Хөгжлийн агентлагийг татан буулгасныхаа дараа Боловсролын яам болон Үндэсний тэнгис, цаг агаар судлалын албаны үйл ажиллагааг зогсоохыг оролдоно гэж үзэж байгаа аж.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өнгөрсөн даваа гарагт USAID-ын орлогч захирлаар Пит Марокког томилсон ба Конгрессын хэлэлцүүлгээр орж, албан ёсоор томилогдоогүй П. Марокко Д. Трампын засаг захиргааны шийдвэрийг үл гүйцэтгэсэн тус агентлагийн ажилчдын эсрэг хүч хэрэглэнэ хэмээн заналхийлжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М. Рубио Олон Улсын Хөгжлийн агентлагийн удирдлагууд хэтэрхий “хараат бус” байна хэмээн тус агентлагийг Төрийн департаментын бүрэлдэхүүнд оруулахаар төлөвлөж байгаа аж.
USAID нь 1961 онд анх үүсгэн байгуулагдсан ба 1998 онд Конгрессын шийдвэрээр бие даасан агентлаг болсон аж. Тийм ч учраас уг агентлагийг татан буулгах эсвэл өөр албаны бүрэлдэхүүнд оруулах эсэх шийдвэрийг конгрессын гишүүд гаргах юм.