
Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей Аргентин улсыг ДЭМБ-аас гаргахаа мэдэгджээ.
Тэрээр энэхүү шийдвэрээ ДЭМБ-ын коронавирусын цар тахлын үеийн менежменттэй холбон тайлбарласан ба түүний хэлсэнээр ДЭМБ-ын цар тахлын үеэр тогтоосон хөл хорио нь дэлхийн түүхэнд байгаагүй хүн төрөлхтний эсрэг хамгийн утгагүй гэмт хэрэг байсан аж.
Ерөнхийлөгч Х. Милей энэ талаар нийгмийн сүлжээнд, “Түүхэн дэх хамгийн том олон нийтийг хянах туршилтын гүйцэтгэгч байсан энэхүү хорлонтой байгууллагаас бид гарахаар шийдлээ.” хэмээн бичжээ.
Аргентины сөрөг хүчнийхэн болон эрүүл мэндийн байгууллагууд ДЭМБ-гаас гарах нь эрүүл мэндийн салбарт ашиглах технологи, тоног төхөөрөмж, эм тариа зэргийг авах эргэлтийн болон стратегийн санхүүжилтэнд нөлөөлнө хэмээн Ерөнхийлөгч Х. Милейн шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.
Ерөнхийлөгч Х. Милей нь АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трампыг дэмжиж, түүнийг даган дуурайдаг гэдгээрээ олонд танигдсан билээ. Д. Трампын хувьд ерөнхийлөгчийн тангараг өргөсөн даруйдаа АНУ-ыг ДЭМБ-аас гаргах тогтоолд гарын үсгээ зурсан билээ.
Ерөнхийлөгч Д. Трамп АНУ-ыг Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс гаргах шийдвэр гаргасны дараа Х. Милей мөн л Аргентин улсыг Парисын гэрээнээс гаргаж, хууль бус цагаачлалыг бууруулахын тулд Боливийн хил дагуу 200 м өргөст тор татна гэдгээ мэдэгдсэн юм.
Түүнчлэн Ерөнхийлөгч Х. Милей Аргентины Эрүүл мэндийн яамны 1400 ажилчдыг цомхтгосон юм. Тэдгээрийн 30 хувь нь дархлаажуулалт хариуцсан ажилчид, 40 хувь нь ХДХВ, элэгний вирусын халдвар, сүрьеэ өвчинтэй тэмцэх албаны ажилчид байжээ.