Засгийн газар 2025.01.29 өдрийн хуралдаанаараа Хаврын морин уралдааныг III сарын 1-нээс хойш хийж болно, унаач хүүхдийн нас 12-оос дээш байх ёстой хэмээн зохион байгуулах эрхийг нь тухайн аймаг, орон нутгийн удирдлагад нь өгөхөөр шийдвэрлэсэн билээ.
Үүнийг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хүүхдийн эрхийг зөрчил гэж үзэж буйгаа хүчтэй илэрхийлсэн юм. Тэрбээр Өрөг.мн сайтын “Өрөг ярилцлага” нэвтрүүлэгт уригдсан бөгөөд Засгийн газрыг шүүхэд өгөх эсэх дээр юу ярьсныг сийрүүлэн хүргэж байна.
-Та өмнө нь Засгийн газрыг хүүхдийн эрх зөрчсөн гэж шүүхэд өгөөд, ялалт байгуулж байсан. Гэвч сая Засгийн газар дахиад л ийм шийдвэр гаргачихлаа. Уг нь бол шүүхийн шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой биз дээ?
-Жил бүр Засгийн газар тогтоол гаргаад, тухайн жил болох уралдаан, тэмцээний хувиар гаргадаг. Хаврын морин уралдааныг хоёрдугаар сарын сүүлээс гурван сарын 20-дын хооронд хийхээр төлөвлөчихдөг. Энэ үед олон хүүхэд бэртгэж гэмтдэг. Энэ нь хүүхдийн эрхийн зөрчил гэсэн агуулгаар гомдол гаргасан. Дээд шүүх өнгөрсөн хугацааных нь баримтыг дүгнэж үзээд, Засгийн газар хүүхдийн эрхийг зөрчиж байжээ гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Тэгээд бид Засгийн газарт цаашид ийм тогтоол гаргахгүй байхыг даалгаж өгөөч гэх агуулгаар дахиад Дээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Засгийн газарт өөрт нь ч хандсан. Тэгээд Засгийн газар хаврын морин уралдааныг хориглох шийдвэр бүхий 57 дугаар тогтоолыг гаргаж, шүүхийн өмнө бид эвлэрч байсан удаатай.
-Одоо та Засгийн газрын сүүлд гаргасан тогтоолыг дахиад шүүхэд өгчихсөн байгаа тэ?
–III сарын 1-нээс хойш хаврын морин уралдааныг хийж болно гэсэн тогтоолоо Засгийн газар бичгээр албажуулж гаргаагүй байгаа. Одоогийн байдлаар 20 гаруй гишүүн гарын үсэг зураад, Засгийн газарт хүргүүлчхээд байгаа. Тогтоолоо ёсчилж батлахгүй байгаа ч ээ гэсэн шаардлагыг хүргүүлчихсэн байгаа гэсэн үг.
Насанд хүрэгчдээр унуулах тухай тогтоол байж болно шүү дээ, уг нь. Хүүхдийн насыг зааж өгөөд, 12-оос дээш насныхан унана гэж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил юм. Хэрэв Засгийн газар энэ тогтоолоо ёсчлоод баталчих юм бол бидний дараагийн ажил эхэлнэ гэсэн үг.
-Шүүхдээд ялах магадлал байгаа юу?
-Магадлалтай. Нэг санаа зовж байгаа юм нь юу вэ гэхээр Засгийн газар тогтоолоо ёсчилж батлах процесс удаан байх юм бол бидний шүүхдэх асуудал ч удна гэсэн үг. Тэгсээр байтал гуравдугаар сарын 1 болох гээд байна.