Менингококкийн халдвар авсан гурван настай хүү нас барсан билээ. Засгийн газар өнөөдрийн /2025.02.05/ хуралдаанаараа менингококкийн халдварын нөхцөл байдал, эрсдэлийн талаар хэлэлцэж буй. Засгийн хуралдаан руу орохын өмнө ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяраас хэвлэлийнхэн мэдээлэл авлаа.
Тэрбээр “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд анхны тохиолдол бүртгэгдсэн. ДЭМБ болон Олон улсын байгууллага дэгдэлт гарсан орнууд руу менингококкийн вакцин “түгээдэг”. Харин манай Монголд дэгдэлтийн хэмжээнд хүрээгүй. Менингококк Монголд сая гэнэтхэн гарчихсан юм биш, бүртгэгдэж байдаг. Жишээ нь, 2022, 2023 ондуудад хоёр, хоёр тохиолдол, 2024 онд дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Нас баралт бүртгэгдээгүй. Менингококкийн вакциныг 2022 онд хийж байсан. 2023, 2024 онуудад бол вакцины худалдан авалт хийгдээгүй.
Эрүүл мэндийн яам менингококкийн вакциныг худалдан авах хэлэлцэл амжилттай хийсэн ба ирэх долоо хоногт 2000 тун вакцин Монголд бууна” гэлээ.