
Шведийн Эребру хотод байрлах насанд хүрэгчдэд зориулсан боловсролын төв рүү зэвсэгтэй этгээд халдсаны улмаас багадаа 10 хүн амь үрэгдэж, зургаан хүн эмнэлэгт хүргэгджээ. Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон уг хэрэг явдлыг тус улсын түүхэн дэх галт зэвсгээр үйлдсэн хамгийн том халдлага хэмээн тодорхойлсон байна. Халдлагын улмаас эмнэлэгт хүргэгдсэн зургаан хүний тав нь бууны суманд оногдож шархдсан бол нэг нь хөнгөн гэмтэл авчээ. Мөн нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа талаар Эребру хотын эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээ хариуцсан газрын дарга Йонас Клэссон мэдэгджээ.
Рисбергска насанд хүрэгчдийн боловсролын төв нь 20 ба түүнээс дээш настай хүмүүст мөн цагаачдад бага болон ахлах ангийн түвшний хичээлүүдийг заадаг аж. Цагдаагийн газрын мэдээлсэнээр хэргийг үйлдсэн этгээд нь өмнө нь ямар нэг хэрэгт холбогдож байгаагүй мөн ямар нэг гэмт бүлэглэлтэй холбоогүй байсан аж. Түүнчлэн сэжигтэн уг хэргийг ганцаараа үйлдсэн ба энэ нь алан хядах ажиллагаа биш байсан гэжээ. Уг халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийг таних ажиллагаа үргэлжилж байгаа ба халдлагыг үйлдсэн этгээд амиа алдсан хүмүүсийн дунд байгаа аж.