АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын нэрийн өмнөөс Америкийн төрийн нүсэр албыг цомхтгох ажлыг гүйцэтгэж буй Илон Маск нь төрийн тусгай албан хаагчдын тоонд багтах болсоныг Цагаан ордноос мэдэгджээ. Төрийн тусгай албан хаагчийн статустай болсоноор Илон Маск холбооны засгийн газарт ажиллах боломжтой ба нөгөө талаар эрх баригчид түүнээс төрийн энгийн албан хаагчдаас ашиг сонирхлын зөрчилгүй байх, санхүүгийн тайлангаа ил тод байлгах гэсэн журмуудыг мөрдөхийг шаардахгүй аж.
Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг тэргүүлэгч Илон Маск нь цахилгаан автомашины Tesla компани болон SpaceX компаниа удирдахын зэрэгцээ АНУ-ын Засгийн газрын Төрийн бүтээмжийн департаментыг удирдаж байгаа юм. SpaceX компанийн гүйцэтгэх захирлын хувиар И. Маск компанийнхаа Пентагон болон тагнуулын албатай хийсэн олон тэрбум ам.долларын гэрээнүүддээ хяналт тавин ажиллаж байгаа билээ. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Левитт И. Маск төрийн тусгай албан хаагчийн ангилалд багтаж байгаа гэсэн бол Цагаан ордны албаны хүн И. Маск бүх хууль журмыг мөрдөн ажиллаж байгаа талаар мөн улсаас цалин авахгүй байгаа тухай онцолжээ. АНУ-ын хуулиар төрийн тусгай албан хаагч нь 130-аас дээш хоног томилогдох ёсгүй ч Ерөнхийлөгч Д. Трамп И. Маск уг албан тушаалыг хэдий хэр хугацаанд хаших талаар мэдээлэл өгөөгүй юм. И. Маск төрийн албанд ажиллах хүчний тоог огцом бууруулахаа амласан ба өнөөдрийн байдлаар түүний баг засгийн хэд хэдэн агентлагийг хяналтандаа авч, төрийн албан хаагчдыг айдас автуулаад байгаа билээ. Сүүлд л гэхэд Ерөнхийлөгч Д. Трамп Илон Маскад АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийг дахин зохион байгуулалтыг даалгасан ч И. Маскийн эрх мэдэл хязгаартай болохыг онцолжээ. Тэрээр, “Бидний зөвшөөрөлгүйгээр Илон юу ч хийж чадахгүй. Бидний зүгээс зохистой гэж үзсэн нөхцөлд зөвшөөрөл өгнө. Дээр нь Илон бидэнд тайлангаа тавьдаг” хэмээн мэдэгджээ. Нөгөө талаас Америкийн Ардчилсан намын хууль тогтоогчид И. Маск нь холбооны засгийн газарт хэтэрхий их эрх мэдэл эдэлж байна хэмээн шүүмжилж байгаа юм.