АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн даваа гарагт Мексик болон Канадын төрийн тэргүүнүүдтэй утсаар ярилцсаныхаа дараа дээрх хоёр улсын импортын барааны татварыг нэмэгдүүлэх шийдвэрээ түр зогсоохоор болсоноо мэдэгджээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Ерөнхийлөгч Д. Трамп Канад болон Мексикийн импортын бараанд 25 хувийн татвар, Хятадын бараанд 10 хувийн татвар ноогдуулах шийдвэр гаргасан билээ.
Ерөнхийлөгч Д. Трамп Канадын импортын барааны татварыг нэмэгдүүлэх шийдвэрээ багадаа 30 хоног зогсоож байгаагаа өөрийн нийгмийн сүлжээндээ бичсэн бол Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Вашингтон татварын нэмэгдлийг түр зогсоосны хариуд Канад улс хилийн хамгаалалтаа чангатгах төлөвлөгөө гаргаснаа мэдэгджээ. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Канадын тал 1.3 тэрбум ам.доллар зарцуулах ба фентанилын урсгалыг зогсоохын тулд Оттава хоёр улсын хил дээр шинээр нисдэг тэрэгнүүд, тоног төхөөрөмж байршуулж, хил дээр ажиллах албан хаагчдын тоог 10 мянгад хүргэнэ гэжээ. Ж. Трюдогийн мэдэгдсэнээр Канад улс нь АНУ-тай хамтран зохион байгуулалттай гэмт хэрэг, фентанилын наймаа, мөнгө угаалттай тэмцэж, АНУ-тай адил хар тамхины картелиудыг алан хядах бүлэглэлүүдийн жагсаалтанд оруулна гэдгээ онцолжээ. Мексикийн Ерөнхийлөгч Клаудия Шэинбаумын хувьд тэрээр фентанил болон хууль бус цагаачдын урсгалыг зогсоохын тулд АНУ-Мексикийн хил дээр нэмж 10 мянган цэргийг байршуулна гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгчид мэдэгдсэн аж.