Саудын Арабын Хаант улс, Арабын Нэгдсэн Эмират улс, Катар, Египет болон Иордан улсын гадаад харилцааны сайд нар, Палестины ерөнхийлөгчийн зөвлөх Хусейн аль-Шейх нар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиод АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Газын зурвасын палестинчуудыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн захидал илгээжээ. Axios сайтад бичсэнээр Арабын дээрх улс орнууд Ойрх Дорнод нь дүрвэгсдийн тоогоороо хэдийн дэлхийд тэргүүлж байгааг онцлон, Газын зурвас дахь иргэдийг нүүлгэн шилжүүлэх нь бүс нутгийн тогтвортой байдлыг эрсдэлд оруулж, эмх замбараагүй байдал үүсэх, радикал хөдөлгөөн эхлэх эрсдлийг нэмэгдүүлэх учраас энэ асуудалд маш болгоомжтой хандахыг хүсжээ. Арабын орнууд Газын зурвасыг сэргээн босгох ажилд палестины ард түмний оролцоо зайлшгүй байх ёстой гэж үзэж байгаа ба захидалдаа, “Палестинчууд өөрийн газар нутагтаа амьдарч, сэргээн босгоход нь туслах болно. Сэргээн босголтын ажлын тухайд үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хязгаарлуулах ёсгүй ба олон улсын дэмжлэгтэйгээр уг ажлын хариуцлагыг давхар үүрэх ёстой.” гэжээ.
Түүнчлэн Саудын Арабын орнууд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М. Рубиод Израиль Газын зурвас дахь палестинчуудыг нүүлгэн шилжүүлэхийг оролдож болзошгүй талаар анхааруулсан байна. Ингэхдээ, “Палестинчууд өөрийн газар нутгаа орхихыг хүсэхгүй байгаа. Бид ч тэдний байр суурийг хүндэлж байгаа.” хэмээн, Израилийн зүгээс палестинчуудыг Газын зурвасаас гаргахыг оролдвол энэ нь асуудлыг улам аюултай түвшинд хүргэнэ гэжээ. Арабын орнууд хоёр улс байгуулах нь хамгийн оновчтой санаа болохыг онцолж, тийм тохиолдолд эдгээр улс орнууд Израиль, Палестины газар нутгийн аюулгүй байдлыг хамгаалахад бэлэн гэдгээ захидалдаа мэдэгдсэн байна. Axios сайтын мэдээлсэнээр уг захидлыг Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Египет, Иордан болон Катарын АНУ-д суугаа элчин сайдууд АНУ-ын төрийн департаментад хүргэж өгчээ. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп Газын зурвасыг сэргээн босгох ажлыг явуулахын тулд Газын зурвас дахь палестинчуудыг Египет, Иордани зэрэг улс руу нүүлгэн шилжүүлэхийг хүсэж буйгаа хэд хэдэн удаа илэрхийлсэн билээ. Ойрх Дорнодын асуудлыг хариуцсан Америкийн тусгай төлөөлөгч Стив Уиткофф өнөөдрийн байдлаар Газын зурваст хүн амьдрах ямар ч нөхцөл байхгүй байгааг онцлон, Газын зурвасыг сэргээн босгоход 10-15 жил болно хэмээн мэдэгдсэн юм.