“Guys” хамтлаг ирэх зургаадугаар сард “Goodluck” тоглолтоо хийх болсон талаараа мэдээлэл хийлээ. Тэд хамгийн сүүлд 2017 онд “Зүрх уучил” тоглолтоо хийснээс хойш томоохон хэмжээний тоглолт хийгээгүй бөгөөд энэ онд хийгдэх тоглолт нь 8 жилийн дараа хийж буй томоохон тоглолт болж буйгаараа онцлог аж.
Мөн тоглолтоо дөхүүлэн тус хамтлагийн шинэ уран бүтээл болох “Эр хүн” дууны клипийн санааг бүтээх уралдаан зарлаж байна. Клип бүтээх шинэлэг санааг 10 сая төгрөгийн шагналын сантай.
Хамтлагийн ахлагч Д.Лхагва хэлэхдээ “Манай клипүүдийг богино хэмжээний кино шиг байдаг гэж хүмүүс ярьдаг. Иймээс ч Бороо, Манан, Цас зэрэг клип шигээ зохиолтой клип хийхээр зорьж байгаа юм. Өмнө нь өөрсдөө санаа, зохиолоо гаргадаг байсан бол энэ удаад өөр өнцгөөс хараад үзье гээд сонсогчдынхоо санаагаар клипээ бүтээхээр тогтсон. Энэ бол зохиолын биш санааны уралдаан гэдгийг дахин онцолъё” гэлээ.