Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 2025 онд хоёр онцлох төслийг эхлүүлээд буй.
Тодруулбал, хотын дарга Х.Нямбаатар, эмээлтийн тойргоос Баянзүрхийн гүүр хүртэлх 33 орчим километр урттай 6 эгнээтэй Туулын хурдны замын гэрээ байгуулах ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлэхээр ажиллаж байгаа. Тэгвэл энэхүү ажлын хүрээнд Да хүрээ зах болон Нарантуул захыг хотын хоёр хурдны замынхаа төгсгөлд байршуулахаар төлөвлөж, газар чөлөөлөлт удахгүй хийж эхэлнэ гэсэн.
Харин өнөөдөр Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штаб хуралдах үеэр энэ асуудлыг ярилцлаа.
Улаанбаатар хотын төвөөс томоохон зах, худалдааны төвүүдийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх байршлын хувилбарууд болон холбогдох саналуудыг Нийслэлийн засаг даргын орлогч танилцуулсан.
Харин энэ асуудлыг мэргэжлийн хүмүүсээ сайн сонсож, хувийн хэвшлээ хүчлэхгүйгээр, нүүлгэн шилжүүлэх газрынхаа дэд бүтцийг бүрэн шийдэж, тохижилт, дэд бүтцийн орчныг нь бүрдүүлж байж нүүлгэх ёстой гэдгийг Ерөнхий сайд анхаарууллаа.
Х.Нямбаатарыг Улаанбаатар хотын захирагч болохоос 10-аад жилийн өмнө экс дарга Э.Бат-Үүл “Да хүрээ” болон “Өгөөмөр” захыг нийслэлээс гаргаж, түгжрэлийг бууруулна гэж мэдэгдэж байсан. Дараа нь Улаанбаатар хотын захирагчаар томилогдсон С.Амарсайхан мөн л 100 айл дахь барилгын материал худалдаалдаг зах, төвүүдийг нүүлгэнэ гэж амласан, бас л биеллээ олоогүй. Удаах нь Х.Нямбаатар боллоо.