Нийслэлийн Засаг даргын санаачилгаар гурав дахь жилдээ сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны нээлт өнөөдөр боллоо.
Тус үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 орчим ЖДҮҮ эрхлэгч 50 мянган нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулан оролцож байгаа юм.
Энэ үеэр нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Д.Ундармаа “Гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа нь зөвхөн нийслэл Улаанбаатар хотоор хязгаарлагдахгүй 21 аймгийн ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжиж байдгаараа онцлогтой.
Ингэснээр чанартай, баталгаатай, эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнээ боломжийн үнээр худалдан авах нөхцөлийг иргэддээ олгож байгаа юм.
Тухайлбал, өнгөрсөн жил тус арга хэмжээний үеэр аж ахуйн нэгжүүд 51.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, энэ хэмжээний мөнгөн урсгалыг дотооддоо үлдээж чадсан.
Мөн энэ жил уг үзэсгэлэн худалдааг хотын А бүсэд буюу “Их наяд” худалдааны төвийн 5-6 давхар, “Соёолж молл” худалдааны төвийн хоёрдугаар давхарт зохион байгуулж байгаагаараа онцлогтой” гэв.
Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш “Энэхүү үзэсгэлэн худалдаанд нийслэлийн Соёл, урлагийн газар болон нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагууд урлаг, соёлын үйл ажиллагаа зохион байгуулан оролцдог уламжлалтай.
Энэ жилийн хувьд нийслэлийн харьяа соёл, урлагийн 11 байгууллагын 220 гаруй уран бүтээлч болон ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид өдөр бүр уран бүтээлээ толилуулах юм” гэлээ.
Тус үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-27 хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ.
Нийслэлийн зүгээс ЖДҮҮ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авалгүй, урсгал зардлыг хариуцаж байгаа юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС