Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотой хүнсний агуулах, зах худалдааны төвүүд мах их хэмжээгээр нь нөөцлөн худалдаалдаг.
Ингэхдээ гар дээрх худалдаа, малчдын нийлүүлэлт ихэссэнтэй холбоотойгоор мэргэжлийн газруудаас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж эхэлжээ.
Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтын шаардлагын хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, худалдаалалтад хийгдэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг энэ долоо хоногт /2025.01.28/ эхлүүлсэн ажээ.
Махны ариун цэвэр, эрүүл ахуйг амралтын өдрүүдээр томоохон зах худалдааны төвөөр үргэлжлүүлэн шалгана.
Хяналт шалгалтад мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэг, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч, хүнсний зах худалдааны төв, агуулахын үйл ажиллагаа эрхлэгч 17 аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын улсын байцаагчид нийт 62 аж ахуйн нэгж, 56 иргэнийг өнөөдрийн байдлаар хамруулжээ.
Уг шалгалтын явцад 27 аж ахуйн нэгж, иргэний 538.5 тн бүтээгдэхүүнээс 35 сорьц авч, лабораторийн шинжилгээнд хамруулж, 84 зөрчлийг илрүүлсэн ажээ. Мал эмнэлгийн ерөнхий газраас хяналт шалгалтыг үргэлжлүүлж байгааг мэдээллээ.
Энэ шалгалтыг үзэсгэлэн худалдаа, томоохон зах, худалдааны төвүүдээр хяналтыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөжээ.