“Утааны асуудал” Зуух, түлшний технологийн шийдэл сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.31/ болж байна.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн зүгээс агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг ирэх хоёрдугаар сард зохион байгуулна. Энэ хүрээнд өнөөдөр утааны асуудал, зуух, түлшний технологийн шийдэл хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа ажээ.
Өнөөдөр болж буй уг хэлэлцүүлэгт 52 иргэн, 27 аж ахуй нэгж бүртгүүлсэн байна. Утааны сонсголын бэлтгэлийн шатанд гурван удаагийн дэд хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Ингэхдээ техникийн шийдэл, шинэлэг санаа чухал учир өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж буйг тодотгож байна.
“Утааны асуудал”хэлэлцүүлгийг нээж ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн үг хэллээ.
-Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн:
“Утааны ерөнхий сонсгол ирэх Мягмар гаригт буюу хоёрдугаар сарын 4-ний өдөр болно. Өнөөдрийн хэлэлцүүлэгт яригдсан шийдлүүдийг ерөнхий сонсголын үеэр тайлан тавина. Ингэснээр ярьсан шийдэл нь хэрэгжих боломжтой, анхаарал татсан шаардлагатай гэсэн шийдлийг эрдэмтдийн зөвлөл дуудаж утааг бууруулах шийдлийг дахин сонсоно. Иргэдийг хариуцсан албан тушаалтантай уулзуулж хариулт өгөх боломжийг олгох нь ерөнхий сонсголын гол зорилго.”
Иргэдийн санаачилгаар утааны асуудлаар нээлттэй сонсгол ирэх долоо хоногт /2025.02.03-04/ болох юм. Хоёрхон хоногт бүх асуудал, шийдэл гаргалгааг хэлэлцэж дуусахгүй учир түүнийг урьтаж гурван удаагийн нээлттэй хэлэлцүүлэг хийхээр болсон билээ.
Эдгээр гурван хэлэлцүүлгийн тухайд:
- Агаарын бохирдол- хүн амын эрүүл мэнд,
- Утааны асуудал- стандарт, хяналт,
- Утааны асуудал- эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага сэдвийн хүрээнд хийсэн юм.