Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Д.Дэлгэрсайханд холбогдох эрүүгийн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дууссан аж.
Тодруулбал, Энэ оны 11 дүгээр сарын 09-ны оройн 23.45 цагт УБЕГ-ын даргаар ажиллаж байхдаа Д.Дэлгэрсайхан Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Төгс-Эрдэнийг СБД-ийн 11 дүгээр хороо УБЕГ-ын өөрийн албан өрөөнд согтуурсан үедээ зодож танхайрсан хэрэг гарсан. Харин даргадаа зодуулж нүүрэн тус газартаа гэмтэл авсан Б.Төгс-Эрдэнэ тэр даруй ГССҮТ-д хүргэгдсэн билээ.
Улмаар түүнийг албан тушаалаас нь чөлөөлж, цагдаагийн байгууллагаас шалгах болсон. Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.
Хохирогч болох Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Төгс-Эрдэнийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шүүх шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон тул Д.Дэлгэрсайханыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйл буюу бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн яллагдагчаар татан шалгажээ.
Прокурорт шилжүүлсэн хуулийн заалт буюу Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах
1.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
- 2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар;
- 2.2.хохирогчийг тохуурхан доромжилж;
- 2.3.бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.