АНУ-ын нийслэлд хоорондоо мөргөлдсөн хоёр онгоцноос хүн амьд гараагүй хэмээн мэдээллээ.
Өнгөрсөн лхагва гарагийн орой Вашингтон дахь Роналд Рейганы нэрэмжит нисэх онгоцны буудлын ойролцоо American Airlines компанийн зорчигч тээврийн онгоц, АНУ-ын зэвсэгт хүчний нисдэг тэрэгтэй агаарт мөргөлдөж осолдсон билээ. Вашингтон хотын Гал сөнөөх албаны дарга болон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдсэнээр уг ослоос амьд гарсан хүн байхгүй аж. Канзасын Вичита хотоос Вашингтоны чиглэлд нисэж байсан American Airlines компанийн онгоцонд 60 зорчигч, нислэгийн багийн 4 гишүүн зорчиж байсан бол АНУ-ын зэвсэгт хүчний нисдэг тэргэнд 3 хүн байсан аж.
Хоёр онгоц хоорондоо мөргөлдсөнийхөө дараа Вашингтон хотын дундуур урсдаг Потомак голд унасан бөгөөд аврагчид одоогийн байдлаар 40 гаруй хүний цогцсыг гаргаж аваад байна.
Аврах багийнхан үлдсэн хүмүүсийн цогцсыг гаргаж авахад голд унасан онгоцны хэсгүүдийг гаргаж авахаас наашгүй гэж үзэж байгаа аж. Бостоны уран гулгалтын клуб уг ослын улмаас амь үрэгдсэн клубынхээ гишүүдийн нэрсийг нийтэлжээ. Тэдгээрийн дотор ЗХУ болон ОХУ-ын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцож, 1994 онд уран гулгалтын Дэлхийн аварга болсон Вадим Наумов болон Евгения Шишкова нар багтжээ. Хоёр тамирчин сүүлийн жилүүдэд АНУ-д дасгалжуулагчаар ажиллаж байжээ. Ослын шалтгаан одоогийн байдлаар тодорхойгүй байгаа ч хүний нөөцийн хомсдол тодорхой нөлөө үзүүлсэн байж болзошгүй хэмээн зарим мэргэжилтнүүд үзэж байна.
Нью Йорк Таймс сонин нислэгийн удирдлагын цамхагт нисдэг тэрэгнүүдийн хөдөлгөөнийг хянах үүрэгтэй нислэгийн удирдагч нь давхар нисэх зурваст бууж байгаа болон нисэх зурвасаас хөөрч байгаа онгоцнуудын хөдөлгөөнийг давхар хянаж байсан тухай онцолжээ. Нислэгийн удирдагчийн ажлын ачаалал нэмэгдэх нь алдаа гарах эрсдлийг нэмэгдүүлэх ба АНУ-ын Иргэний агаарын тээврийн удирдлагын тооцоогоор Америкийн иргэний агаарын тээврийн салбарт 3000 нислэгийн удирдагч мэргэжилтнээр хомсдолтой байгаа аж.