Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн индэр дээрээс хэлж буй үгс, гаргаж буй “гашуун” шийдвэр зөрж эхэллээ.
Монголчуудын яриа, талцал маргааны сэдвүүд ер дуусахгүй. Нэг өглөө босоод ирэхэд л ямар нэгэн сэдвийг “гал мэт” хүлээж аваад л цахим ертөнцөд чи, би-дээ тулан түймэр дэгдээнэ.
Сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд тэр дундаа манайх шиг цөөн хүн амтай улс оронд “дижитал медиа” эрчийг аваад буйг ч хэлэх үү.
Үүнийг ашиглан “ард түмний тархийг мэдээллийн хэрэгслээр дамжуулан угаахуй” буюу манипуляци өдрөөс өдөрт улс төрчдийн гол зэвсэг болж байна.
Эхлээд манипуляци-г цөөн үгээр тайлбарлая.
Тархи угаах гэдэг нь товчоор хэлбэл нийтлэг сурталчилгаа буюу олон янзын орчинд тохиолдож болно.
Тэгэхээр тархи угаах гэж яг юу вэ, яаж ажилладаг вэ? Гол утгаараа тархи угаах нь хүний бодол санаа, итгэл үнэмшил, зан үйлийг хянах зорилготой сэтгэл зүйн залилангийн нэг хэлбэр юм.
Монголчуудын бараг 90 орчим хувь нь сошиал орчинд нэг өдрийн ихэнх цагаа өнгөрүүлдэг гэсэн судалгаа ч бий. Тиймдээ ч олон нийтийн анхаарлыг өөр зүгт хандуулан, “жижиг чулуугаар томыг цохих” үйлдэл өрнөсөөр буй нь нууц биш.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэг хэсэг трэнд болгосон үг бол “Давс мэт шорвог” шийдвэр.
Иймдээ ч үгээр хүнийг үхүүлж болно, бас амьдруулж болно гэдэг үг ч дэмий нэг гараагүй л болов уу. Харин сүүлийн үед Ерөнхий сайдын индэр дээрээс “брэнд” болтол тогтмол хэлдэг байсан үг “чихэрлэг, амттай” болоод байгаа нь хэнд, хаана ашигтай вэ?
Үнэхээр Засгийн газрын эхлүүлж буй том төслүүд эхний зогсоолоосоо дохиогоо хангинуулан хөдөлчихсөн.
-Ураны төсөл батлагдсан.
-Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр зам зэрэг томоохон төслүүд эхлээд явж буй. Эдгээр том төслүүдийн талаар жагсаалтаар нэр дэвшсэн УИХ-ын гишүүн нь хүртэл намынхаа эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.
Энэ ч утгаараа улс эх орны эрх ашиг яригдаж буй томоохон бодлого, шийдвэртэй холбоотой ямар нэгэн асуудал сөхөгдөөд ирэнгүүт олон нийтийн анхаарал, санаа бодлыг өөр зүгт хандуулсаар буй нь илт.
Тухайлбал,
-Морьтой жагсаал
-Засгийн тэргүүний гэнэт гаргасан шийдвэрүүд гэх мэт…
Арай хурдан морины өвөл, хаврын уралдаан, унаач хүүхэд, Монгол өв соёл гэх олон өдрийн талцал маргааны ард ямар нэгэн нийтэд ил гаргаж боломгүй, ямар нэгэн зүйлийг нууцын зэрэглэлд оруулчхаад байгаа юм биш биз хэмээн хардах сэдэл төрж байна.
Дээрээс шидсэн чулууг та бид танихгүй дэмий талцан, нийгмээрээ марган, биесээ үзэн ядаж буй гэлтэй. Нэг үгээр хэлбэл дээр хэлсэнчлэн “манипуляци”-д өртөж, боов үмхчихээд яваад буй болтой.