Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р сургуулийн бага ангийн багш Э.Золбоо: Техник технологи хөгжсөн энэ үед интерактив хичээл сургалтын хөтөлбөрт зайлшгүй байх ёстой
Интерактив хичээл сургалтад нэвтэрснээр багш болон сурагч нарын хувьд олон сайн тал сууж эхэлжээ. Багш нар өөрийгөө хөгжүүлэх, хүүхдүүд хичээлдээ илүү сайн суралцаж, бодит үр дүн гаргаж эхэлсэн байна. Бага ангийн багш Э.Золбоо сургалтынхаа 30 хувьд интерактив хичээлийг оруулж сурагчдадаа мэдлэг
Ковид цар тахлын үед танхимаас цахим сургалт руу шилжихэд танд ямар байсан бэ?
Боловсролын салбарт цоо шинэ алхам байсан. Багш сурагчид нэг орчинд хамтдаа хичээллэдэг байсан бол бүгд гэр, гэрээсээ технологийн тусламжтайгаар сурч хөгжиж эхэлсэн. Хэдий бэрхшээлтэй зүйлүүд байсан ч одоо бол энэ бол зайлшгүй байх ёстой сургалтын хэлбэр гэж дүгнэж байгаа.
“Цахим аялал” интерактив хичээлийг таниулах, хэрэглээ болгох танхимын сургалт өнгөрөгч есдүгээр сард болсон. Тэр үеэр багш нар хамтдаа туршлага, мэдлэгээ хуваалцсан байх?
НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр бүтээсэн “Цахим аялал” интерактив хичээлийг бага боловсролын багш нарт таниулах, сургалтад ашиглах сургалт болж 21 аймаг, есөн дүүргийн 200 гаруй багш нар оролцсон. Уг сургалтаар төслийн танилцуулга, интерактив хичээлийг сургалтад ашиглах, цахим контентын туршлага, хэлэлцүүлэг, ажлын байрандаа өөр ямар шинэ зүйлийг хэрэгжүүлж болох гээд олон зүйлийг мэдэж авсан.
Энэ сургалт танд хэр үр өгөөжтэй байсан бэ?
Миний хувьд 2020 оноос цахим, интерактив хичээлтэй холбогдсон. Түүнээс хойш ашиглаад явж байна. Өөрийн туршлага мөн сургалтаас олж авсан мэдлэгээ Өмнөговь аймгийн бүх ЕБС-ийн бага ангийн багш нартаа таниулах зорилгоор сургалт зохион байгуулсан. Манай аймгийн хэмжээнд 200 гаруй бага ангийн багш нар байдаг. Түүнээс 156 багш хамрагдаж интерактив хичээлийн талаар мэдлэгээ нэмэгдүүлж чадсан гэж итгэж байна.
Интерактив хичээлийг танай аймгийн багш нар хэр их сонирхож байна?
Манай аймгийн багш нар интерактив хичээлийг ашиглаад эхэлсэн. Багш нарын зүгээс интерактив хичээлийн агуулгыг гаргах, боловсруулаад хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа хэд хэдэн багш илэрхийлсэн.
Та өөрийн сургалтын системдээ интерактив хичээлийг хэр их ашиглаж байна?
Миний хувьд сургалтын хөтөлбөрийн 30 хувьд нь интерактив хичээлийг ашиглаж байгаа. Байнга багш хичээл орохоос илүү өөрсдийн үзэх дуртай үлгэрийн баатар буюу шинэ дүр гараад ирэхээр хүүхдүүдийн анхаарал төвлөрөх, хичээлээ сонирхох байдал нэмэгдсэн. Хичээлээ ойлгоод хүүхдүүдийн оролцоо нэмэгдээд, хичээлээ илүү ойлгож байгаа. Тэгэхээр нөгөө даалгавар хийх асуудал ч нэг талдаа шийдэгдээд эхэлсэн.
Гэрийн даалгавраа илүү идэвхтэй хийж байна гэсэн үг үү?
Танхимын сургалтын үед хүүхэд ойлгоогүй үлдсэн зүйл мэдээж гарна. Тэгэхээр буруу, зөв хийхээсээ эмээгээд даалгавраа хийгээгүй байх тохиолдол гардаг. Харин интерактив хичээлээ хүүхэд давтаж үзээд мэдлэгээ авна. Тэгээд даалгавраа хийчихнэ. Миний ажигласнаар хүүхдүүдийн гэрийн даалгавар хийх байдал 20-30 хувь нэмэгдсэн. Тэр ч бүү хэл эцэг эхийн оролцоо хүртэл нэмэгдсэн.
Интерактив хичээлийг сургалтын хөтөлбөрт ашиглаад тодорхой хугацаа өнгөрлөө. Яг энэ хичээлийг ашиглаж байгаа багшийн хувьд ямар зүйл дээр сайжруулалт хийвэл илүү үр дүн үзүүлнэ гэж боддог вэ?
Техник технологи хөгжсөн энэ үед интерактив хичээл сургалтын хөтөлбөрт зайлшгүй байх ёстой. Манай интерактив хичээлүүд хүүхдүүдэд сонирхолтой, сургалтын агуулга, дуу, дүрсний хувьд чанар сайн.
Харин үнэлгээ тал дээр боловсронгуй болгох ёстой гэж боддог. Жишээлбэл “Сансрын хөлөг” гэсэн хичээлийг хүүхдүүд өөрсдөө үзээд даалгавраа хийгээд ирдэг. Харин хүүхэд тэр хичээлийг нэг үзээд ойлгож байна уу эсвэл хэд хэдэн удаа үзээд ойлгож байна уу гэдгийг дүгнэх ёстой. Тэгж чадвал багш нар хүүхдээ илүү бодитойгоор дүгнэж сургалтын үр дүнгээ бас мэдээд явах боломжтой болно гэж харж байна.
Ярилцсанд баярлалаа.