Сирийн шинэ удирдлагууд Башар Асадыг эх орон руу нь буцаахыг шаарджээ.
Сирийн шинэ удирдлагууд ОХУ-тай хийсэн хэлэлцээнийхээ үеэр ОХУ-аас Сирийн Ерөнхийлөгч асан Башар Асадыг эх орон руу нь буцаахыг шаардсан тухай эх сурвалжууд Ройтерс агентлагт мэдэгджээ. Ройтерс агентлагийн мэдээлсэнээр Башар Асадыг Сирид шилжүүлэх асуудлыг Хайят Тахрир аш-Шам бүлэглэлийн тэргүүн Ахмед аш-Шараа хөндсөн аж. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ талаар Ройтерст ямар нэг тайлбар өгөхөөс татгалзжээ. ОХУ-ын Гадаад харилцааны орлогч сайд Михаил Богданов тэргүүтэй Оросын төлөөлөгчид энэ сарын 28-нд Сири улсад айлчилсан юм.
Оросын эрх баригчдын хувьд Башар Асадын дэглэм нурж, Сирийн төрийн эрх мэдэл босогчдын гарт шилжсэнээс хойш Сирид хийсэн анхны айлчлал юм. Сирийн мэдээллийн SANA агентлагийн мэдээлсэнээр Оросын албан тушаалтнуудтай хийсэн уулзалтынхаа үеэр Сирийн тал “хоёр улс өнгөрсөнд гаргасан алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, Сирийн ард түмний хүсэл сонирхлыг хүндэлсэнээр” талууд харилцаагаа сэргээх боломжтой гэж онцлохын зэрэгцээ ОХУ-аас нөхөн төлбөр шаарджээ.
12-р сарын 8-нд Башар Асад эх орноосоо зугтсаны дараа ОХУ-ын Гадаад харилцааны яам түүнийг Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорч, Сири улсаас гарсан хэмээн мэдэгдсэн бол Кремлийн зүгээс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Башар Асад болон түүний гэр бүлийнхэнд орогнол олгосон хэмээн мэдэгдсэн билээ.