Сэрэмжлүүлэг: 31 хоногийн хугацаанд цахим залилантай холбоотой 24 хэрэг бүртгэгджээ
Харбин болон Яабули хотын хооронд Азийн өвлийн наадмын үеэр хурдны галт тэрэг явах ажээ.
Энэхүү D8003 дугаартай төмөр замын буухиа галт тэргийг Харбин-2025 Азийн өвлийн IX наадмын зориулалтаар явуулахаар шийдвэрлэжээ. Азийн өвлийн спортын наадамтай холбогдуулан Харбин-Яабулигийн хооронд нийтдээ 12 галт тэрэг явах бөгөөд үүнээс хурдны зургаа, ердийн зургаан галт тэргээр наадмын төлөөлөгчид, үзэгч нар явуулна.
Одоогийн байдлаар Яабулигийн баруун өртөөгөөр дамжин нийт 51 хурдны галт тэрэг явах хуваарь гарчээ. Эдгээр галт тэрэгнүүд хоорондоо долоон минутын зайтай зөрнө. Харбин ба Яабули баруун өртөөний хоорондох хамгийн хурдан аялах хугацаа нь багасч, ердөө нэг цаг болж буурчээ. Ердийн 12 галт тэрэг Яабули өртөөнд зогсч, Харбин-2025 наадмын үеийн тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлж байна. Мөн Бээжин болон Яабулигийн өмнөд өртөөний хооронд шинээр шууд галт тэрэг явуулах шугамыг нээжээ.
Энэ шугамд тавигдаж байгаа шинэ галт тэрэгнүүд нь Харбин, Яабулигийн өвлийн эрс тэс хүйтэн уур амьсгалыг тэсвэрлэн даах дэвшилтэт технологиор тоноглогдсон бөгөөд бүхээг нь бүтээмж сайтай, тав тухтай зорчих орчинг нэмэгдүүлэн бүтээгдсэн байна. Галт тэргэнд зорчигчдын олон төрлийн хэрэгцээг хангах үүднээс цасны спортын хэрэглэл материал, тоног төхөөрөмжийг хадгалах илүү том багтаамжтай, зориулалтын зай, талбайг үүсгэн гаргажээ.
Азийн өвлийн наадмын сэдэвтэй зурагт хуудас, гоёл чимэглэл, цагийн хуваарь зэргийг галт тэргэнд болон өртөөнд байршуулан, баярын уур амьсгалыг бүрдүүлсэн байна.
Наадмын төлөөлөгч нар, зохион байгуулах хорооны ажилтнууд болон хэвлэл, мэдээллийн ажилтнуудын саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхийн тулд Харбины буудал, Яабули баруун өртөөнд тасалбар түгээх тусгай салбарыг нээн ажиллуулж эхэлжээ. Бас зориулалтын хүлээлгийн нэмэлт талбай, хялбаршуулсан нэвтрэх шугам, гарах гарц, үйлчлүүлэгчдэд үйлчлэх утсыг бий болгосон байна.
“Харбин 2025” Азийн өвлийн спортын 9 дүгээр наадам эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Тус наадам нь 2025 оны 2 дугаар сарын 7-14 ны хооронд БНХАУ-ын Харбин хотноо болно. Азийн 34 улсын баг тамирчид спортын 11 төрөлд 64 багц медалийн төлөө өрсөлдөнө.