Швейцарын Цюрих хотын онгоцны буудал монгол бүсгүй таныг угтана. Жүжигчин, модель Цэдо буюу М.Цэрэндолгор Швейцарын алдарт “Bucherer” брэндийн нүүр царай болжээ.
Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм бас яг адилхан ийм нүүр царай нь ажээ.
Энэхүү брэнд нь тансаг зэрэглэлийн цаг болон үнэт эдлэлийн дэлгүүр бөгөөд Швейцарь улсын Люцерн хотод байрладаг. Энэ компанийг 1888 онд Карл Ф.Бухерер үүсгэн байгуулсан бөгөөд дэлхий даяар 100 гаруй дэлгүүртэй. Бухерер нь Ролекс, Карл Ф.Бухерер, Бауме & Мерсье, Бланпаин, Брегет, Картье, Шопард, Жирар-Перрего, Жаегер-Лекультре, Лонжин, Орис, Панерай, Пиажет, Радо, Рожер Дюбуис, TAG Heuer, Tissot, Tudor, Ulysse Nardin, Vacheron Constantin брэндүүдийн цагийг худалдаалдаг бөгөөд 2023 онд Ролекс компани Бухерерийг худалдан авчээ.
Дэлхийд алдартай 136 жилийн түүхт, үнэт эдлэлийн “Bucherer” брэндийн зураг авалтад монгол модель оролцсон нь анхны тохиолдол юм.
Жил орчмын өмнө Цэдогийн реклам, видео Нью Йоркт цацагдаж, Манхэттений гудамжинд тавигдаж байжээ.
Тэрбээр Монголдоо СУИС, Хятадад Бээжингийн кино урлагийн академи, Оросын Театр урлагийн дээд сургуулийг жүжигчин мэргэжлээр суралцан төгсжээ. М.Цэрэндолгор жүжигчний мэргэжилтэйгээс гадна фотомодель. Vogie сэтгүүлийн хуудсыг зургаараа чимж байсан. 2018 онд Christian Loubautin гутлын брэндийн зураг авалтанд оролцож байсан. Grlfrnd цүнхний брэндийн нүүр царай. Хотулун кино нээгдэхийн өмнө Парист Chanel брэндийн шинэ загварын зураг авалтанд оролцож байв. Мөн дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн брэнд болох Louis Vuitton-ий хараанд өртөн, тус брэндийн шинэ загварын цүнхийг танилцуулах зураг авалтанд оролцож байсан юм.
Жүжигчний тухайд тэрбээр “Тютю” УСК-ны дүрээр олонд танигдаж, “Хотулун гүнж”-ийн дүр бүтээсэн.