Хурдан морины өвөл, хаврын уралдааныг УИХ-ын зарим гишүүд болон олон нийтийн нэг хэсэг нь эсэргүүцээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор сүүлийн хэдэн өдрүүдэд цахим ертөнцөөр олон нийт ч хоёр хэсэг хуваагдаад талцан, маргалдаж байна. Өнөөдөр Засгийн газар хуралдаж, энэ асуудлаар хэлэлцэхдээ гаргасан эцсийн шийдвэр нь гуравдугаар сарын 1-ээс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах бол аймаг, орон нутгийн ИТХ-ээр шийдвэр гаргана. Ингэхдээ хаврын морин уралдааныг зохион байгуулахдаа 12-оос дээш насныхан унаж, хувцас хэрэглэлээр бүрэн хангана хэмээн мэдээлээд буй.
Тэгвэл зарим иргэний зүгээс Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, цаашлаад харьяалсан яамны сайд Л.Энх-Амгалан нар нь уяачдын лоббигоор хүүхдийн эрхийг зөрчихөөр болчихлоо хэмээн илтэд дургүйцэж байна.
Хурдан морины өвөл, хаврын уралдаантай холбоотойгоор хэн юу хэлснийг онцлон хүргэе.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Дээд шүүхийн шийдвэрийг уландаа гишгэх нь Үндсэн хуулийн зөрчил мөн үү?
-Хүүхдээ хамгаалах ёстой сайд нь
Засгийн газрын 2019 оны 57-р тогтоолыг хүчингүй болгосон юм уу?
Юу гэнэ үү?
-“Дээд шүүхийн шийдвэр гарсан учраас би шийдэж болохгүй байна, чи шийдчих. Ингэхдээ 12-с доош насны хүүхэд болохгүй, 12-с дээш насны хүүхдийн унуулаарай. 12-с дээш насны хүүхэд гэмтвэл чи өөрөө хариуцлага хүлээгээрэй” гэнэ үү?
Ямар хөгийн шийдвэр вэ?
Дээд шүүхийн шийдвэрийг уландаа гишгэх нь Үндсэн хуулийн зөрчил мөн үү?
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Мөнгөтэй, нөлөөтэй хэсэг бүлэг, тэдний троллуудын эсрэг хүчин мөхөсдөж байна
-Хүүхдийн эрхийн төлөө тууштай зогсож буй олон түмэндээ чин сэтгэлээсээ талархлаа. Зориуд талцуулж буй сошиал шуугиан нэг л “сэжигтэй” байгаа нь Засгийн газар одоо болтол “чанга дуугарахгүй”, “эсэргүүцэхгүй” байгаагаар нотлогдсоор.
Хүүхдийн төлөө, Хууль дээдлэх ёсны төлөө үргэлжлүүлэн зогсоорой гэж хүн бүрээс хүсье.
-Хүмүүс их тавлаж байх шив. Дахиад шүүхдэнэ, одоо 3 сард ч уралдаан чинь болох боломжгүй.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Би өөрөө мориноос унаж хөлөө гэмтээсэн
Яаж Хөгжлийн бэрхшээлтэй болгохгүйхэн шиг үр хүүхдээ өсгөх вэ? Яаж хүн бэртэхгүй нийгэм бүтээх вэ гэж байхад нөгөө талд гэмтэж бэртэх арга хэмжээг нэмсэн шийдвэр гаргаж байх юм?
Сэтгүүлч Ц.Шинэбаяр: Манай нэг хүүхэд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй юм.
-Жирийн хүүхэд шиг өөрөө гүйгээд гадаа гарч чадахгүй, тавагтай хоолоо халбагадаад идэх боломжгүй, ариун цэврийн өрөө ашиглах тухай ойлголтгүй.
Яг ийм нөхцөл байдалтай 4 мянга гаруй “хүн ургамал” эцэг эхийнхээ гар дээр, эмээ өвөөгийнхөө асаргаанд гэртээ бий. Гэрт нэг л ийм хүн байхад тухайн айлын амьдралын чанар, ах дүү хамаатан садны сэтгэл санаа, тайван амгалан амьдрах, төвлөрч тухтай ажиллах, бусад хүүхдээ анхаарч халамжлах гээд хамаг л боломж хязгаарлагдаж эхэлдэг. Товчхондоо бол энгийн амьдралын горим олон жилээр магад насан туршид алдагдаж байгаа юм.
Өвлийн морин уралдаан, өв соёл гэдэг нэрээр өөр олон хүүхдийг, тэдний гэр бүлийг нийгмийн энэ хэсэг рүү чиглүүлэх шийдвэр гаргаж байгаад бухимдах багадана. Төр засаг хэзээ ч тэр хүүхдүүдийг анхаарч ойшоодоггүй гэхэд болно. Асаргааны нэртэй хэдэн төгрөг сар бүр сарвайх боловч памперсных нь зардалд ч хүрэхгүй шахуу. Тэр хэдэн бор төгрөгөө авах гэж манайх л гэхэд маргааш хурлаар орно. Группээ сунгуулна.
Өнөөдөр тайван жаргалтай амьдарч байгаа олон гэр бүлийг бидний эгнээ рүү түлхэж, насаар нь зовоох шийдвэр гаргаж байгаагаа бага насны хүүхэдгүй том толгойтой дарга нар мэддэг, боддог болов уу.