Өчигдөр буюу /2025.01.28/ албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг мөргөөд зугтаасан бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан.
Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.
“ТЦА-аас гаргасан хуваарийн дагуу алба хаагч Чингэлтэй дүүргийн Тасганы овоо орчимд 16:50 цагийн орчимд хөдөлгөөний нягтрал ихтэй байх үед хяналт тавьж байсан. Тухайн үед Toyota Harrier маркын автомашин замын цагаан зураас давж, эргэх үед нь алба хаагч очиж шаардлага тавьсан. Харин тээврийн хэрэгслийн жолооч “Г” нь шаардлагыг үл биелүүлэн, алба хаагчийг тээврийн хэрэгслээрээ мөргөж зугтаасан.
Үүний дараа эрэн сурвалжилж, СБД-ийн 14-р хороонд байх зочид буудлаас олж тогтоосон. Мөн согтолт хэмжих багажаар үлээлгэж, хэмжихэд тухайн иргэн 2,96 хувийн согтолттой байсан нь тогтоогдсон.
Харин тээврийн хэрэгслийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олсон”.
Эрүүгийн хуулийн 23.1-д зааснаар
- 1. Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
- Энэ гэмт хэргийг:
- 2.1.галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж;
- 2.2.хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламжид халдаж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.