Анги болгонд хичээлээ тасалдаг хүүхэд байдаг даа. Д.Амарбаясгалангийн ангиас Х.Баттулга, С.Лүндэг нар чуулганы танхимд хамгийн бага үзэгджээ. Биднийг сонгоод өгөөч гэж иргэдээс гуйн гушин байж сонгогдчихоод тэд “ажилдаа” ирсэнгүй.
УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм гэж бий. Тэрхүү дүрэмд зааснаар бол хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы нэгдсэн хуралдаан болон бусад хуралдаанаа 40-өөс дээш цаг тасалсан гишүүнд хариуцлага тооцох учиртай.
Х.Баттулгын тухайд 126 гишүүнтэй парламент бүрдэж тангараг өргөснөөс хойш 83 цагийн таслалттай, хариуцлага тооцох асуудал хөндөгдөж буй.
Харин С.Лүндэгийн тухайд эрүүл мэндийн шалтгаантай учир чуулганы хуралдаандаа сууж чадахгүй байгаа хэмээн албаны эх сурвалжууд мэдээлж байна. Түүнийг гадагшаа яваагүй, эх орондоо байгаа гэх мэдээллийг ойрын эх сурвалж нь өглөө.
Одоо процессын хувьд, Ёс зүй, дэгийн байнгын хорооны гишүүн А.Ариунзаяа нэр дурдагдсан хоёр гишүүнтэй уулзаж, тайлбар, саналыг нь сонсож тэмдэглэл хөтлөн хянах учиртай.
Х.Баттулга, С.Лүндэг нар эмнэлгээр явж байсан бол холбогдох байгууллагаас баримт бичиг, тайлбараа гаргуулж өгнө өө гэсэн үг. Ингэхэд дээрх хоёр гишүүний ёс зүйн зөрчлийн шинж байдал нь ёс зүйн хариуцлага тооцохооргүй бол шалгалтын дүнг үндэслэн Байнгын хорооны дарга Б.Баярбаатар тухайн гишүүнтэй уулзан зөвлөгөө өгнө.
Харин тухайн гишүүнийг ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзвэл
- Сануулга өгөх
- Уучлалт гуйлгах
- Цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах зэргийн аль нэгээр нь хариуцлага тооцох учиртай.
Тэгэхээр С.Лүндэгийн тухайд хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эрүүл мэндийн шалтгаантай байсан гэдгээ батлаад, хариуцлага хүлээхгүй. Харин Х.Баттулгын тухайд, тасалсан 83 цагийнхаа 44 цагт нь л ямар нэгэн тайлбар ирүүлээд баталчихад л хариуцлагаас мултрах дүр зурагтай байгаа юм.