Өнгөрсөн мягмар гарагийн орой БНСУ-ын Кимхэ хотын олон улсын нисэх онгоцны буудлын нисэх зурвас дээр Хонгконг руу нисэхээр бэлдэж байсан Air Busan агаарын тээврийн компанийн зорчигч тээврийн онгоц шатсан байна.
Гал гарах үед онгоцонд байсан 169 зорчигч, нислэгийн багийн 7 гишүүн бүгд онгоцноос гарч амжсан ч 3 нь хөнгөн зэргийн гэмтэл авсан талаар Бусан хотын гал сөнөөх албанаас мэдээлсэн байна.
Ёнхап агентлагийн мэдээлсэнээр гал онгоцны сүүл хэсгээс эхэлж гарсан аж.
Цахим орчинд нийтлэгдсэн дүрс бичлэгээс онгоцны хоёр талаас аврах гулсуур гарсан байгааг мөн гал сөнөөгчид галыг унтраахаар ажиллаж байгааг харж болох юм. Ослоос аврагдсан зорчигчид бүхээгт гал гарч эхлэхэд нислэгийн багийн зүгээс тодорхой ямар ч заавар зөвлөмж өгөөгүй, ослын хаалгыг ч онгойлгож өгөөгүй гэдгийг онцолжээ. Үүнээс болж зорчигчдын дунд эмх замбараагүй байдал үүссэн гэжээ.
Өмнөд Солонгост хоорондоо нэг сарын зайтай хоёр ч агаарын тээврийн осол гараад байна. Өнгөрсөн 12-р сарын 29-нд Jeju Air агаарын тээврийн компанийн зорчигч тээврийн онгоц Мүан хотын нисэх онгоцны буудалд осолдож, тус онгоцонд байсан 181 хүний 179 нь амь үрэгдсэн билээ.
Busan Air нь БНСУ-ын Korean air агаарын тээврийн компанийн өнгөрсөн 12-р сард худалдан авсан Asiana Airlines компанийн охин компани аж.