А.Ерөөлтнэмэх 18 настай. Таван жилийн өмнөөс эхлэн хэмнэлттэй байдлаар хувцаслаж хуучин хувцасны соёлыг өөрийнхөө амьдралын хэв маяг болгожээ. Тэрбээр энэ сонголтыг хийснээс хойш санхүү төдийгүй, цаг хугацаагаа хэмнэж бодол санааны хувьд ч олон өөрчлөлт гарсан талаар хуваалцлаа.
ТРИФТ ХУВЦАС ХЯМД, ЧАНАРТАЙ БАС ЗАГВАРЛАГ
Намайг А.Ерөөлтнэмэх гэдэг Олон Улсын Улаанбаатар Их Сургуулийн Солонгос судлалын I курсийн оюутан. Арван жилд байхаасаа л зөөгч, бариста гэх мэт ажлууд хийдэг байсан. Одоо бол 13 Thrift shop-т худалдагчаар ажиллаж байна. Багаасаа бие дааж өөрийн хэрэглээний мөнгөө олдог байсан учир мөнгөний үнэ цэнийг мэднэ. Миний өөрийн амьдралыг үзэх үзэл, хэв маягтай хуучин хувцасны соёл нийцдэг учир сонгосон гэх үү дээ. Таван жилийн өмнө анх трифт дэлгүүр орж байхад 18-25 насны залуус л ихэвчлэн үйлчлүүлж байгаа харагддаг байсан бол сүүлийн жилүүдэд бүх л насныхан үйлчлүүлдэг болсон байна. Монголчууд бид материаллаг зүйлээр эго-гоо тэжээдэг байдлаас бага багаар хөндийрсөөр байна гэж харж байгаа. Би хувьдаа трифт хувцсыг ядуу хүн биш сэтгэлгээ нь баян хүн өмсдөг гэж боддог.
БИ ӨӨРИЙГӨӨ ОЛОН МЯНГАН ЛИТР УСЫГ ХЭМНЭСЭН ГЭЖ БОДДОГ
Нэг ширхэг жинсэн өмдийг үйлдвэрлэхэд л 10 мянган литр ус зарцуулдаг гэсэн баримт байдаг. Хүний шунал, хэрэглээнээс болж дэлхий хэрэхэн сүйрч байгааг бид харж байгаа цаашид нөхцөл байдал улам хүдрэх ч ойлгож байна. Гэхдээ би “бусад нь хогоо хаяж л байгаа шүү дээ” гээд хогоо хаядаг хүн байхыг хүсээгүй. Би энэ дэлхий дээр хүн болж төрсөн л юм чинь чадах чинээгээрээ байгаль дэлхийдээ ээлтэй хүн байя гэж шийдсэн гэх үү дээ. Би өмсөж байсан жинсэн өмдөө урагдаад өмсөх боломжгүй болбол түүгээрээ өөртөө цүнх оёдог. Энэ мэтээр өдөр тутамдаа байгальд ээлтэй хүн байхыг хичээж байна.
ХУУЧИН ХУВЦАС ӨМСӨХӨӨР СҮЛД ХИЙМОРЬ ДОРОЙТНО ГЭДЭГ МУХАР СҮСЭГ
Хуучин хувцас өмсөхөөр хүний сүлд, хийморь доройтдог гэдэг ойлголт Монголчуудад нийтлэг байдаг. Лам дээр очиход чамд ийм хувцас, тийм зүйл байна түүнээс болж байна гэх мэтээр хэлдэг учир хувцсыг маш шашинлаг талаас хардаг. Хүний цаашид ямар байх, түүнд тохиолдох зүйлс хуучин хувцас өмссөнөөс хамаарна гэж огт бодохгүй байна. Харин өөрөө биеэ яаж авч явж байгаа, юу бодож байгаа амьдралынхаа төлөө хэрхэн хичээж байгаагаас бүх зүйл хамарана гэж боддог.
Манай үеийнхний дунд өмнө нь хүн хэрэглэсэн хувцас өмссөнөөсөө ичнэ гэдэг ойлголт байдаггүй. Бие биеэ ойлгож, сонголтыг нь хүндэлдэг болсон. Ер нь хүмүүс бие биеэ илүү байгаагаар нь хүлээж авдаг болж байна гэж өөдрөгөөр харж байгаа.