Израилийн тал Газын зурвасын өмнөд хэсгээс хойд хэсэг рүү хүрэх замыг чөлөөлсөнөөр даваа гарагт дайнаас болж орон гэрээ орхиход хүрсэн олон арван мянган палестинчууд гэр лүүгээ буцах боломжтой болжээ.
Өнгөрсөн 15 сарын хугацаанд хамгийн их сүйрлийг амссан Газын зурвасын хойд хэсэгт бүтэн барилга байгууламж бараг үлдээгүй ч мянга мянган палестинчууд дүрвэгсдийн лагерь, сургуулийн барилгад нэг дор олноороо байрласнаас гэр лүүгээ буцсан нь дээр гэж үзжээ.
Галаа зогсоох гэрээ 2 дахь долоо хоногоо үргэлжилж байгаа ба гэрээний эхний шатанд ХАМАС бүлэглэлийн суллах 33 барьцааны хүнээс 8 нь нас барсан гэдгийг тус бүлэглэлийн зүгээс мэдэгджээ.
ХАМАС бүлэглэлийн 2023 оны 10-р сарын 7-нд барьцаалсан 90 иргэнээс багадаа 35 нь амь үрэгдсэн гэж Израилийн эрх баригчид таамаглаж байгаа аж.
ХАМАС бүлэглэл 2023 оны 10-р сарын 7-нд Израилийн нутаг дэвсгэрт халдажч 1200 хүний амийг хөнөөж, 250 хүнийг барьцаалсаны хариуд Тель Авив агаарын болон хуурай газрын цэргийн ажиллагаа явуулсан юм. Израиоюоийн цохилтын улмаас Газын зурваст 47 мянга гаруй палестинчууд амиа алдсаны талаас илүү хувийг нь хүүхэд эмэгтэйчүүд эзэлж байгаа юм.
Харин Израилийн тал ХАМАС-ын 17 мянга гаруй цэргийг хөнөөсөн хэмээн мэдэгдсэн юм. Израиль-ХАМАС-ын дайны явцад Газын зурвасын 2.3 сая хүн амын 90 орчим хувь нь орон гэрээ орхиход хүрсэн юм.
Хүүхдүүдээ тэвэрсэн, цүнх сав үүрсэн, тэргэнцэртэй нэгнээ түрсэн олон мянган палестинчууд баяр хөөртэйгөөр далайн эрэг дагуух замаар алхан гэртээ харьж буй олон арван мянган палестинчуудын дүр зураг олон улсын хэвлэл мэдээллийн агентлагуудын хальсанд буужээ.
НҮБ-ын тооцоогоор даваа гарагийн өглөө Газын зурвасын хойд хэсгийг чиглэн алхах палестинчуудын тоо 200 мянгыг давжээ.
Эx Сурвалж: Apnews.com