Цаг уурын байгууллагаас зудын байдалд үнэлгээ хийжээ. Үнэлгээгээр зургаан аймгийн 23 сум цагаан зудын, 12 аймгийн 37 сум цагаанаар зудархуу байгаа гэсэн дүгнэлт гарсан байна.
Тухайлбал, Баян-Өлгийн Сагсай,Увсын Ховд, Түргэн, Сагил, Малчин, Тэс, Зүүнговь, Хяргас, Тариалан, Улаангом, Наранбулаг, Ховд аймгийн Дарви, Завхан аймгийн Тэс, Цагаанчулуут, Отгон, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Сантмаргац, Баянхонгор аймгийн Баянбулаг, Хүрээмарал, Бөмбөгөр, Галуут, Сэлэнгэ аймгийн Хүдэрт сум тус тус цагаан зудын байдалтай байгаа ажээ.
Мөн Баян-Өлгийн Баяннуур, Алтай, Булган, Увсын Бөхмөрөн, Завхан, Давст, Цагаанхайрхан, Баруунтуруун, Зүүнхангай, Ховдын Булган, Ховд, Үенч, Дөргөн, Мянгад, Чандмань, Зэрэг, Алтай, Завханы Ургамал, Завханмандал, Сонгино, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг, Шилүүстэй, Тэлмэн, Баянтэс, Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Баянхонгорын Бууцагаан, Жаргалант, Заг, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Ерөө, Дархан-Уулын Хонгор, Дундговийн Адаацаг, Дорнодын Халхголд цагаанаар зудархуу гэсэн нөхцөл байдалтай байгааг мэдээллээ.
2024 онд 9.4 сая мал зүй бусаар хорогдсон. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, хонь 5 сая , ямаа 3 сая, үхэр 800 мянга, адуу 558 мянга, тэмээ 11.2 мянгаар хорогджээ. Нийт хорогдсон малын 31.6 хувийг ямаа, 53.8 хувийг хонь эзэлж байна.
Энэ жилийн хувьд нийт нутгаар цас багатай. Малчид хадлан, тэжээлээ харьцангуй сайн бэлдсэн гэж УОК-оос мэдээлж байлаа. Одоогийн байдлаар 21 аймаг, 330 суманд өвөлжилтийн нөхцөл байдал харьцангуй хэвийн байна. Энэ нь цаг агаар дулаан, хур тунадас өмнөх жилүүдтэй харьцуулахад бага орсонтой холбоотой. Өнгөрсөн жил нийт нутгаар цас их орж малчид зудад олон малаа алдсан билээ.
Энэ өвөл малчид өвөлжилтийн бэлтгэлийн маш сайн хангасан байна. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн хувьд аюулгүй нөөцөө тав дахин бүрдүүлжээ.
Мөн шинэ хоршоо хөдөлгөөнийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд малчид хоршоо байгуулж нэгдэж хадлан, тэжээлийн нөөцөө бүрдүүлсэн хэдий ч эрт тайвшрах болоогүй. Хавар нөхцөл байдал хүндэрч болзошгүй гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдээлж байлаа.