
УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарыг Хөгжлийн банкны хэргээр ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг оны өмнө Улсын Дээд шүүх хэвээр үлдээсэн. Ингэснээр түүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөж эхэлсэн. Гэвч шүүхийн шийдвэр албажиж ирээгүй учраас УИХ-аар энэ асуудлыг өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй байгаа юм. Өнгөрсөн баасан гарагт хаалтаа хийсэн намрын ээлжит чуулганы хугацаанд энэ асуудлыг хэлэлцэх хүлээлттэй байсан ч асуудлыг хэлэлцэх эрх зүйн зохицуулалт байхгүй буюу ойлгомжгүй байдал үүссэн. Түүнчлэн Дээд шүүхийн шийдвэр УИХ-д албажиж ирээгүй тул Д.Цогтбаатар гишүүнийг эгүүлэн татах эсэх асуудал хойшилсоор байгаа юм. Тиймээс энэ асуудлаар УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараас тодрууллаа.
Дээд шүүх анхан болон дунд шатны шүүхийн шийдвэрийг хянаж, хуульд нийцсэн гэж дүгнэсэн
Даваагийн Цогтбаатар гишүүнийг эгүүлэн татах асуудал энэ намрын чуулганаар хэлэлцээгүй шалтгаан юу вэ?
- Энэ асуудалд Цогтбаатар гэдэг субъектив хандлагаар хандаж болохгүй. Монгол Улс эрх зүйт төртэй. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван засаглал дээр тогтож байдаг. Шүүх засаглал нь хөндлөнгийн, хараат бусаар ажилладаг. Гэтэл өнөөдөр Дээд шүүхийн шийдвэр албажиж гарсан, гараагүй мөн хугацаа гэсэн асуудал яригдаж байна. Хуулиараа заачихсан хугацаанууд бий. Дээд шүүх өнөөдөр ямар байдлаар асуудалд ханддаг вэ гэхээр, Дээд шүүх субъектив шийдвэр гаргадаггүй.
Дээд шүүх өнөөдөр анхан болон дунд шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн байна уу гэдгийг хянаж үздэг байгууллага. Тиймээс Дээд шүүх анхан дунд шатны шийдвэр бол хуульд нийцсэн гэдгийг хянаад, дүгнэчихсэн. Ингэхээр Шүүхийн шийдвэр нь өөрөө анхан болон дунд шатны шүүхийн шийдвэрээр хэмжигдэхээр байгаа юм.
Дээд шүүх дүгнэлт гаргачихсан юм бол яагаад УИХ-д ирүүлэхгүй байна вэ?
- Өнөөдөр Дээд шүүх шийдвэрээ албажуулан гаргаад хууль тогтоох байгууллагад хүргүүлэх эрх зүйн зохицуулалт байхгүй, байх ч ёсгүй. Шийдвэрээ заавал хүргүүлэх ёстой биш гэсэн үг.
Эрүүгийн процессын хуульд …шүүхийн шийдвэрт шүүгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэсэн заалт байдаг. Тэгэхээр өнөөдөр Дээд шүүхийн хяналтын шийдвэр дээр гарын үсэг зурсан уу? зураагүй байна уу? гэхээр албажиж гарч ирээгүй байгаа нь зураагүй байна л гэсэн үг.
Шүүгч гарын үсэг зураад шийдвэр албажаад УИХ-д ирссэн тохиолдолд хэрхэх вэ?
- Магадгүй УИХ-д шүүхийн албажсан шийдвэр ирлээ гэхэд үүний дараа УИХ-ын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-ээс 9.1.5-д ямар тохиолдолд УИХ-ын гишүүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, эгүүлэн татах вэ гэдэг зохицуулалт нь байдаг юм. Өнөөдрийн Д.Цогтбаатар гишүүний асуудлын хувьд 9.1.5 буюу …гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр тогтоогдсон бол… гэдэг асуудал яригдаж буй бөгөөд эгүүлэн татна гээд заачихсан байгаа.
Тийм бол Дээд шүүхийн шийдвэр УИХ-д ирвэл асуудлыг хэлэлцээд Д.Цогтбаатар гишүүнийг эгүүлэн татах эрх зүйн зохицуулалт байна гэж ойлгож болох уу?
- Энэ асуудалд миний зүгээс хэд хэдэн байр суурь илэрхийлж байгаа. Нэгдүгээрт шүүхийн шийдвэрийг Монгол Улсын парламент буюу хууль тогтоох байгууллага хэлэлцэх эрхгүй. Хэрэгжүүлэх үүрэгтэй болохоос хэлэлцэх эрхгүй. Ямар тохиолдолд хэлэлцэх вэ гэхээр, жишээлбэл субъектив хандлагаар буюу тухайн хүнтэй холбоотой асуудлыг эгүүлэн татах уу татахгүй юу гэдэг асуудал хэлэлцэх гэж байгаа бол би буруу гэж үзнэ.
Хоёрдугаарт, шүүхийн шийдвэрийг хэлэлцэх гэж байгаа бол буруу гэж үзнэ. Ганцхан тохиолдолд би зөв гаргалгаа байна аа гэж харж байгаа юм. Энэ нь УИХ-аас гарах тогтоолын төсөл дээр л асуудлыг хэлэлцэх. УИХ-аас ямар тогтоол гарах юм, тогтоол нь ямар заалттай байх юм үүн дээр л бид нар хэлэлцүүлэг өрнүүлж болно.
Өнөөдөр мөрдөж байгаа хуульд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дүгнэлт үйлдэн… гэж байгаа юм. Тус дүгнэлтийг нь УИХ үндэслэн илээр санал хурааж тогтоол батална гэчихсэн. Энд эргэлзээтэй зүйл бий. Хэрвээ илээр санал хураагаад олонх дэмжихгүй бол яах вэ? Ийм нөхцөл байдал үүсвэл яах вэ? тийм учраас анхнаасаа ийм ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэхгүй байхын тулд асуудалдаа бид их нухацтай хандах ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байна.
Магадгүй Улсын Дээд шүүх шийдвэрээ албажуулан УИХ-д ирүүллээ гэхэд УИХ хэзээ хэлэлцэх вэ? Ээлжит чуулган гэвэл 04 дүгээр сарын 01-ээс эхлэх хаврын ээлжит чуулганаар уу? эсвэл түүнээс өмнө ээлжит бус чуулган зарлах уу гэдэг таамар буй.
УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарын тухайд 2016-2020 онд Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байсан. Энэ үедээ албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдон дуулиант “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулсан юм. Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долоодугаар сард Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт Хөгжлийн банкны гэх хэрэгт хэд хэдэн үйлдлээр яллах дүгнэлт үйлдээд байсан бөгөөд зарим хэргийг нь хэрэгсэхгүй болгож, зарим хэрэгт нь ял оноосон юм.