Сэрэмжлүүлэг: 31 хоногийн хугацаанд цахим залилантай холбоотой 24 хэрэг бүртгэгджээ
Монгол Улсын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, М.Нарантуяа-Нара нар Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүд тус төвийг мэргэжлийн хүний нөөцийн хангалт сайн байгаад талархал илэрхийлэн, цаашид хүний нөөцийн нийгмийн баталгааг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Мөн хол газраас тус төвөөр үйлчлүүлэхээр ирж буй иргэдэд зориулсан түр байрлах дотуур байрны асуудлыг хөндсөн юм.
Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн үйл ажиллагааг дэмжин, хөдөөгийн сумдад ажиллаж, амьдарч буй иргэдэд үйлчилгээ үзүүлэх зориулалтын автомашин, эмчилгээ үйлчилгээнд зориулан 13 сая төгрөгийн усан эмчилгээний тоног төхөөрөмжийг 2025 оны орон нутгийн төсөвт суулгаснаа дурдав.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нь 2024 онд сэргээн засах нийгмийн дэмжлэгийн үйлчилгээг 999 иргэнд 3308 удаагийн давтамжтай үзүүлсэн байна.
Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг хөгжлийн дэмжлэг, нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээнд хамруулж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хөгжлийн бэрхшээлтэй хүн болон тэдний гэр бүл, асран хамгаалагч, олон нийтэд зориулсан сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах, протез ортопед, туслах хэрэгслийг тохируулах, ашиглах зөвлөгөө өгөх, зарим хийх үйл ажиллагааг явуулж байгаа юм.