Засгийн газраас 2017 оноос эхлэн “Насны хишиг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Ингэснээр “Насны хишиг”-ийг жил бүр билгийн цагаан сар болон Үндэсний их баяр наадмын өмнө олгодог уламжлалтай. Энэ жил 190 гаруй мянган ахмад настан насны хишиг авах ажээ.
Тодруулбал, 65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг, 70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг, 80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгодог журамтай.
2025 онд 65 нас хүрч буй ахмадууд “Насны хишиг” авах хүсэлтээ “Ehalamj.mn”, “E-Mongolia” цахим хуудсаар дамжуулан гаргах боломжтой. Ингэхдээ цахимаар өгөх боломжгүй бол сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандан хүсэлтээ гаргах боломжтой юм. Энэхүү хөтөлбөрт хамрагдаж тэтгэмж авах ахмадуудын тоо энэ жил 26 мянгаар нэмэгдэж байгаа ажээ.
2025 онд “Насны хишиг” авах ахмадын тоо 26 мянгаар нэмэгджээ.