АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн Air Force One онгоцонд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Йорданы Хашимитын Хаант Улсын хаан II Абдаллатай утсаар ярилцахдаа Газын зурвасын 1 сая гаруй иргэнийг Йордан руу нүүлгэн шилжүүлэх асуудлыг хөнджээ.
Ерөнхийлөгч Д. Трампын хэлсэнээр тэрээр Газын зурвас дахь өнөөгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Йорданы хаанаас палестины илүү олон дүрвэгсдийг хүлээн авахыг хүссэн ба ням гарагт Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиситэй ярилцаж, Газын зурвасын зарим иргэдийг Египет рүү нүүлгэн шилжүүлэх асуудлыг хөндөнө гэжээ.
Тэрээр Газын зурвас бүхэлдээ шахуу сүйрсэн учраас Газын зурвасын иргэдийг түр эсвэл удаан хугацаагаар нүүлгэн шилжүүлэх нь зөв гэж үзэж байгаа ба энэ асуудлаар Арабын зарим орнуудтай хамтран ажиллаж, дүрвэгсдэд орон байр барьж өгөх талаар ярилцана хэмээн мэдэгджээ.
Палестины ХАМАС бүлэглэл Газын зурвасын иргэдийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хатуу эсэргүүцэхээ илэрхийлээд байгаа ба Газын зурвасыг эцэг өвгөдөөс нь уламжлагдан ирсэн газар нутаг гэж үздэг палестинчуудын хувьд Д. Трампын төлөвлөгөө уур бухимдлыг нь төрүүлэх нь гарцаагүй юм.
ХАМАС бүлэглэлийн улс төрийн товчооны гишүүн Бассем Наим, “Газын зурвас дахь Палестины ард түмэн газар нутгаа орхилгүйгээр 15 сарын турш сүйрэл тэмцлийг даван туулсан.
Тийм ч учраас АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трампын Газын зурвасыг сэргээн босгох зорилгоор иргэдийг нүүлгэн шилжүүлэх тухай ямар ч санал, шийдлийг хүлээж авахгүй.
Манай ард түмэн биднийг өөр газар суурьшуулах төлөвлөгөөг хэдэн арван жилийн турш эсэргүүцэж ирсэн.
Одоо ч энэ байр сууриа хадгална.” хэмээн мэдэгджээ. Газын зурвасын 2 сая орчим хүн амын дийлэнх нь сүүлийн 15 сарын хугацаанд орон гэрээ орхиход хүрсэн билээ. НҮБ-ын мэдээлсэнээр Газын зурвас дахь байшин барилгуудын 60 орчим хувь нь эвдэрч нурсан ба тэдгээрийг сэргээн босгоход хэдэн арван жил шаардлагатай аж.
Йорданд өнөөдрийн байдлаар 2 сая гаруй палестинчууд амьдарч байгаа ба тэд Израиль улс байгуулагдах явцад гэр орноо орхиход хүрсэн 750 мянга орчим палестинчуудын үр удам юм.
2023 оны 10-р сараас хойш Газын зурвасын олон мянган иргэд Египет рүү дүрвэсэн ч тэдгээр хүмүүст Египетийн зүгээс дүрвэгчийн статус олгоогүй байна.
ХАМАС- Израилийн дайн эхэлсэн цагаас Египет палестины дүрвэгсдийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн ба барууны орнуудын дарамт шахалтын хариуд Египетийн эрх баригчид палестины олон зуун мянган дүрвэгсдийг Европ руу илгээнэ хэмээн заналхийлсэн билээ.
Эx Сурвалж: BBC.Com