Өнгөрсөн сард онц байдал зарлаж, бослого үймээнд турхирсан хэргээр саатуулагдаад буй БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг прокурорын зүгээс өнгөрсөн ням гарагт яллагдагчаар татжээ.
Онц байдал зарлаж, улс төрийн болон парламентын ажиллагаанд хориг тавьж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хяналт тавих гэж оролдсон Юн Сүк Ёлыг шүүх буруутай гэж үзвэл тэрээр олон жилийн хорих ялаар шийтгүүлэх юм.
Азийн 4 дэх том эдийн засагтай улсыг улс төрийн тогтворгүй байдалд хүргэсэн Юн Сүк Ёлын үйлдлийн хариуд БНСУ-ын парламент түүнийг албан тушаалаас нь огцруулах хуулийн төслийг баталж, БНСУ-ын үндсэн хуулийн цэцэд өргөн бариад байгаа билээ.
Юн Сүк Ёлын хамт онц байдал зарлахад оролцсон хэргээр зэвсэгт хүчний хэд хэдэн өндөр албан тушаалтныг баривчлаад байгаа юм. Цагтаа прокуророор ажиллаж байсан Юн Сүк Ёлыг энэ сарын 15-нд баривчлан хорьсон ба тэрээр Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа баривчлагдсан БНСУ-ын анхны ерөнхийлөгч болоод байгаа юм.
Юн Сүк Ёлын өмгөалөгчид прокуророос түүний баривчилгаа хужль бус байсан хэмээн түүнийг суллахыг шаардсаар байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн цэц дээр Юн Сүк Ёлын өмгөөлөгчид түүний онц байдал зарласан нь улсаа улс төрийн гацаанаас гаргах гэсэн оролдлого байсан хэмээн мэдэгдсэн байна.
Үндсэн хуулийн цэц нь Юн Сүк Ёлыг албан тушаалаас нь огцруулах эсвэл ерөнхийлөгчийн эрх мэдлийг нь сэргээх эсэхийг 180 хоногийн дотор шийдэх ёстой юм.
Хэрэв Юн Сүк Ёлыг албан тушаалаас нь огцруулбал 60 хоногийн дотор БНСУ-д ерөнхийлөгчийн сонгууль явагдах юм.
Эx Сурвалж: Theguardian.com