Цахим орчинд MrBeast нэрээрээ алдаршсан Жимми Доналдсон өөрийн хэдэн арван сая дагагчдадаа TikTok аппликэйшнийг худалдан авахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн билээ.
Тэрээр хувийн онгоцон дотроос хийсэн мэдэгдэлдээ, “Удахгүй би та нарын гүйцэтгэх захирал болж магадгүй! Сэтгэл маш их хөдөлж байна.” хэмээн ярьсан байна.
Даваа гарагаас хойш түүний энэхүү мэдэгдэл 73 сая гаруй үзэлттэй болоод амжсан ба тэрээр TikTok аппликэйшнийг хэдий хэмжээний мөнгөөр худалдан авахаар төлөвлөж буйгаа хараахан зарлаагүй юм.
Өнгөрсөн жил АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден Хятадад төвтэй ByteDance компанийн TikTok аппликэйшн нь Хятадын засгийн газарт АНУ дахь хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг өгч, АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг эрсдэлд оруулж болзошгүй гэсэн үндэслэлээр 1-р сарын 19-ний дотор АНУ дахь үйл ажиллагаагаа Америкийн компанид шилжүүлэхийг шаардсан юм.
Уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд TikTok аппликэйшний АНУ дахь үйл ажиллагаанд хориг тавихаа мэдэгдсэн билээ.
Энэ сарын 20-нд ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн даруйдаа Ерөнхийлөгч Доналд Трамп TikTok-ийн үйл ажиллагааг 75 хоногийн хугацаагаар сэргээсэн ч энэ хугацаанд TikTok компанийхаа 50 хувийг АНУ-ын компанид зарах ёстой гэсэн шаардлага тавьсан юм.
Энэ сарын эхээр Блүүмберг телевиз Хятадын тал TikTok аппликэйшнийг дэлхийн хамгийн чинээлэг хүн, Ерөнхийлөгч Д. Трампын ойрын түнш Илон Маскад зарж магадгүй тухай мэдээлсэн билээ.
И. Маскийн хувьд TikTok аппликэйшнийг Вашингтон АНУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрсөн ч Хятадын тал X нийгмийн сүлжээг БНХАУ-д үйл ажиллагаа явуулахыг хориглосон нь шудрага бус явдал хэмээн дурдаж байсан юм.
Ерөнхийлөгч Д. Трамп TikTok аппликэйшнийг И. Маск худалдан авахад эсэргүүцэх зүйлгүй хэмээн мэдэгдсэн ба TikTok-ийн тал хувийг Oracle компанийг үүсгэн байгуулагч Ларри Эллисон эзэмшээсэй гэж хүсэж буйгаа ч илэрхийлжээ.
Oracle нь TikTok аппликэйшний АНУ дахь үйл ажиллагааны гол сервер бөгөөд тус аппликэйшний олон тэрбум видео бичлэгийг дата төвдөө хадгалдаг аж.
2020 онд Д. Трамп Ерөнхийлөгч байхдаа TikTok аппликэйшнд хориг тавих талаар хэлэлцэж эхлэх үед Oracle компани тус платформыг худалдан авах хүсэлтэн илэрхийлж байсан юм.
Америкийн тэрбумтан Фрэнк МакКорт мөн TikTok-ийг худалдан авах сонирхолтойгоо илэрхийлжээ.
Тэрээр TikTok-ийн үйл ажиллагааг өөрийн үүсгэн байгуулсан Project Liberty Institute ашгийн бус байгууллагын технологиор дамжуулан хянах хүсэлтэйгээ онцолжээ.